Tuesday, December 2, 2014

Шинжлэх ухааны туйлын зорилго юу гэж?...

Миний бие онгоц гэгч зүйлд багаасаа дурлан, яаж ийм хүнд юм ингэж нисч чадаж байнаа? гэж байнга гайхан бодож өссөн. Тэр ч утгаараа механик инженерийн мэргэжлийг сонгон хичээллэсээр өдийг хүрчээ. Юу нь сонирхолтой гээч? Механик инженерийн мэргэжил гэх мэргэжил хэр өргөн хүрээтэй, ямар гоё зүйлстэй холбогддог гэдгийг ойлгож мэдэх. 
Тэгээд энэхүү мэргэжлээр олон ч хичээл үзлээ, олон ч туршилт хийлээ, олон ч үнэтэй үнэтэй багаж ашиглаж үзэж байна. Гэхдээ нэг зүйлд сүүлийн үед бага зэрэг залхсан ч гэх юм уу, учрыг нь ойлгохгүй болж эхэлж байна. Тэр нь юу вэ гэвэл, энэ шинжлэх ухаан ингэж хөгжлөө гээд ер нь сайн зүйл байна уу? гэж...

Бид одоо үед ингээд интернет ашиглаж байна, гэрийхэнтэйгээ шууд л нүүр нүүрээ хараад ярьж байна. Дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй шууд л холбогдож байна. Механик инженерийн хувьд, эрт дээр үед хэдэн өдөр явж очдог байсан газар луугаа хэдхэн цагт яваад очдог болж. Зам тээвэр гэхээс гадна, спортын хөгжил, хүний ая тухтай байдал гээд олон зүйлд ач холбогдлоо өгч ирсэн. 

Гэхдээ энэ бүгдгүйгээр бидний амьдрал ямар байсан бэ? Би лав санадаг юм, багадаа гадаа л тоглодог хүүхэд байсан. Өвөл цасан дээр сумогийн дэвжээ зураад сумоддог, цасан дээр хөлбөмбөгддөг, дулаан үед баавгайн чих гээд их тоглодог байж. Гэтэл одооны хүүхдүүд? iPad мэтээр л тоглож байна шүү дээ. 
Багачууд ч гэлтгүй томчууд нь ч ялгаагүй. Жишээ нь Японд тээврийн хэрэгсэл дотор утсаар ярих хориотой байдаг. Тэгээд яах вэ гэхээр, бүгд утсаа шагайсан чимээгүй хэдэн хүмүүс. Энэ бүхэн тэгээд нийгмийн харилцаа юу? гэвэл мэдээж үгүй. Энэ бүхний эх үүсвэр бидний үүсгэсэн шинжлэх ухаан биш гэж үү? Бүр энгийнээр бодоод үзье. Буу, галт зэвсэг, хими, цөмийн зэвсэг... эд бүгдийг хэн нээсэн гэж? Мэдээж хүмүүс бид шүү дээ. Ой модыг хамаагүй тайран сүйтгэж, хотжилт гэх нэрээр байгаль орчинг үгүй болгосон. Тэгээд энэ бүхэн тийм гоё байна гэж үү? Хэдхэн жилийн өмнө гараар бичсэн захиагаар харилцаж, дэндүү амттай хүний харилцаа байсан. Мэргэжлийн Сумо бөхийн 68дахь их аварга Д. Дагвадорж гуай маань хүртэл жижиг зоос цуглуулан байж ээжийхээ хоолойг 30хан секунд сонсдог байсан гэдэг. Мөн дээр үед захиагаар харилцдаг байсан ба, зөвхөн хосуудын хайр дурлал гэлтгүй бүхий л төрлийн хайр илүү нандин харилцаатай байсан юм шиг. Одоо бол нетээр үеэрхээд, нетээр салж байна шүү дээ цаана чинь хэхэ. Гүй яахав нэг талаасаа хоорондоо шууд холбогдоно гэдэг асар том хөгжил.

Хэдэн жилийн дараа биднийг ямар дэлхий хүлээж байна вэ? Миний төсөөллөөр, зөвхөн миний төсөөллөөр шүү... дэлхийн дулаарал гэгч зүйл газар аван цөлжилт дунд өнгөрөөх байх, дагаад ан амьтан ургамал ч цөөрнө, байгаль гэж үгүй болно. Хамаг баялаг нь дуусаад, машин онгоц зэрэг ашиглагдахгүй болж эхэлнэ. Цахилгааны эх үүсвэрүүд дандаа байгалийн нөхөн сэргээгдэх эрчим хүчнээс авна, гэхдээ машины болон бусад ихэнхи үйлдвэрүүд зогсох учир их хэмжээний эрчим хүч хэрэггүй. Хүмүүсийн өдөр тутмын хийдэг усанд орох, сэрүүцүүлэгч, халаагч зэрэг нь тансаг хэрэглэгчид л ашиглана. Мэдээж хоолны хомсдол гарч ирнэ байх. За ер нь л эвгүй болох байх. Дэлхийн дулаарал багасахгүй гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Гэхдээ үүний төлөө хэн ч хичээхгүй байна шүү дээ угийн цаанаасаа. Харин ч шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд асар их зүйлсийг зарцуулж, золиосолж байна. 

Минийхээр бол, шинжлэх ухаан инженерчлэл гэгч зүйл хөгжихийн хэрээр муу үр дагаврыг байнга дагуулдаг мэт. Адгийн наад зах нь гаргүй, хөлгүй хүнийг хиймэл эрхтэнтэй болгох гээд хөгжүүлтэл цаана нь Роботод ашигтай судалгааны хариу гараад ирнэ. Үүнийг дагаад робот хөгжлөө гэхэд, хүн төрөлхтөн бид залхуу л болно ч гэдэг юм уу. Онгоц яагаад ингэж хөгжив??? Хамгийн хурдтай хөгжсөн шалтгаан яг үнэндээ дайны зориулалттай онгоцыг бүтээх явцын үр дагавар. Анагаах яагаад хөгжив? Бас л 2-р дайны үеийн олзны цэргүүд дээр хийсэн судалгаа гэгддэг. Удирдлагатай Drone онгоц, бас л бөмбөг хаях зориулалттай. Цөмийн цахилгаан станц, явж явж баахан бөмбөг л болсон. 

Миний хувьд зүгээр л байгальдаа хайртай, байгаль орчноо хамгаалсан, өөрийн хүүхдүүд, ач үрээрээ хүрээлүүлсэн өвгөн болоод л нас барахыг хүсдэг. Гэхдээ тодорхой хэмжээнд зөв талаас нь Монголыхоо залуусын толгойд зөв талаас нь бага зэрэг ч гэсэн юм хийчихээд талийх юмсан л гэж боддог. Нас барахдаа сайн аав, сайн хань, сайн хүү, сайн ах байлаа гэж бахдал дүүрэн бодож нүд аних юмсан гэж. Тэрний төлөө л амьдрах юмсан гэж зорьдог. Гэтэл хүмүүс бидний үүсгэсэн нийгэм, хүмүүсийг мөнгөний төлөө болгож, миний амьдралыг улам адармаатай болгочихоод байх юм даа. Заа даа, миний дэмийрэх ч яахав дээ... Та бүгдийн амьдрал бол та бүгдийн л амьдрал шүү дээ хө. Инженерээр сурч буй би ийм юм бодохоор заримдаа зүгээр л зугтмаар санагдах юм...
2014.12.02

No comments:

Post a Comment