Saturday, July 12, 2014

Үндэсний их баяр наадам аа гэж бөөн бодол

Гадаад оронд байх хугацаанд улс эх орон, тал сайхан нутаг, хаана ч байхгүй тэрхүү цэнгэг агаар, гэр бүл, найз нөхдөө хамгийн их санадаг үе бол наадам, цагаан сар, мөн бусад тэмдэглэлт баяруудын үе билээ. хмммммм гээд нэг сайхан амьсгаа авчихая. 

Ай даа нэг сайхан айргаа шимээд, царцааныхаа дууг сонсоод, үхрээ хөж хөж гээд туусан шиг, орой нь газар хэвтээд од харж юм эргэцүүлэн бодоод, эмээдээ доороосоо даарчихна бос гээд загнуулаад байж байх юутай сайхан гээч. Багадаа цэвэр хөдөө амьдарч чадаагүйдээ харамсдаг л юм. Ганц хонь ч гаргаж чадахгүй, хониний махаа ч олигтой эвдэж чадахгүй, ажил хийж сураагүй гэдэгтээ үргэлж санаа зовдог л юм. 

А гэхдээ бүр хоосонгүй ээ. Зуслан дээр бол жинхэнэ нутгийн индиан болно шүү дээ. Жигжидийн зуслан дээр аяаяая нэг нүцгэн гар л гүйж байлаа. Тухайн үед сэлбэ гол их ч устай байж, бороотой, нартай, өглөө, орой хамаагүй л шумбаж өгнө шүү дээ. Өглөө хүнгүй амар гээл, хамаатныхаа хүүхэд (сайн анд)-тэйгээ булгын ус аваад ирье гээл бөөн далим очиж сэлчээл ирнэ. Тэгээд л жараахай бас барина аа. Багадаа барьсан жараахайгаараа шпрот хийж иднэ гэж байсан удаатай гэж байгаа цаадах чинь. Гэрийн ойролцоо тугал, бяруу харагдвал очоол сүүлнээс нь татаал, дээр нь мордоол, мөн хонь ишиг бол ялгаагүй мордож өгнө. 
Тухайн үед дугуй их унах дуртай, дугуйгаараа хажуудах халзан уул руу нэг гарчихдаг, дээр нь гарчихаад л бодож явдаг байсан охиноо бодоол аая хаха. 
Багаасаа анд болж яваа насан туршийн андуудын маань нэгийн маань гэр бас хагас кмийн зайтай байдаг байлаа. А бид 2 чинь тэгээл дугуй засдаг баатрууд, сэнсэрсэн дугуйгаа сүүлдээ алхаар нүднэ. Аав нарынхаа багажаар ч гэхдээ нилээн юм оролддог байж билээ. Багаасаа механикт дуртай байсан нь харагддаг л юм. Одоо ч гэсэн энд Япон оюутнуудын хажууд тиймэрхүү юм оролдох тал дээр хавь илүү санагддаг. Цахилгаан хөрөө, гагнуур, за тэгээд шруп боолт суллах чангалах эдр бол энэ хэддээ л баавар байдаг юм.
За тэгээд дугуйгаар уралдана, цаадах чинь бас яг яс юман дээрээ аймхай, шулуун болон уруу зам дээр бол удаан явна. Харин өгсүүр дээр бол бүгдийг нь хол хаядаг байлаа. Хүнд араанд нь хийгээл хэдхэн жийгээл гарна, бусад хүүхдүүд хөнгөн дээрээ тавиал мацаж өгнө. Тэр үеийн дугуйны тормоз ч гэж алаад хаяна. Ар дугуй, дугуй тогтоогч 2-ийнх нь голоор хөлөө л хийнэ шүү дээ хаха. Сүүлдээ гутлын хоншоор, ул будаа. Нэг удаа бороотой үед нэг шавран дээр дугуйтайгаа хальтраад хамаг бие шавар болж байлаа хаха. Одоо ч тэр хальтарч унасан газар нүдэнд харагдаж байна.
Зөвхөн тэр ч биш, зун болохоор сандаал бас өмсөнө. Тэрүүгээрээ тэгээд хөлбөмбөгдөнө. Ахлах сургуульд ортлоо ер нь л хөлбөмбөг их тоглодог байж билээ. Хаалга нь гэж 9 билүү 11 алхаад 2 чулуу тавина. Тэгээл танайх том байна жижиг байна гээл бөөн юм хаха. Хаалгач нь үсрээд хүрэхгүй бол давсан гээл. Яг чулуун дээгүүр нь гарвал штанк гээл. За ер нь тухайн үеийн мань хэд тэгж л үздэг байлаа. Өвөл ангиараа байнга тоглоно. Ерөөсөө байрлал эдр бол тодорхой. Мундаг ч тоглоцгоодог байж. Зуны саравчтай малгайнаас салдаггүй байсан би, өвөл буруу харуулж өмсөөл мөргөдөг байлаа. Нэг удаа чихээ хөлдөөгөөд будаа будаа нэг илжиг шиг юм. Анги дотроо хүчтэй цохидог мэт санагддаг байсан ч дандаа далий цохидог байлаа даа хаха. Толгойгоороо бол харин сайн мөргөдөг байлаа. Тэгээл далий цохингуут гарууд, урт цагаан явж хөлөө тэгшлүүл гэнэ. Тэр үед урт цагаанд юм хум тэгшилдэг л байсын байх даа хаха. Ай даа, ангийн багш, хичээлийн эрхлэгч 2тоо бөмбөгөө байнга хураалгана. Тэгээл дандаа мөнгө нийлүүлээл авна. Дэлгүүр, зах дээр зардаг нөгөө л эрзээнэн бөмбөг шүү дээ. Тэгээл хорооллын эцсийн Дүүхээ төвөөс 300-ийн бөмбөг аваад зад хийлжаагаал тоглоно шүү дээ. 
Зун нь мөн Хандгайт хүүхдийн зуслан явдаг байлаа. 5 билүү 6 жил явсан байх аа. Яваандаа томорцон хойноо бол найзуудаасаа нэгийг нь бүлгийн дарга болгочихно. Тэгээд өөрөө яах нь уу гэхээр бүлгийн үйл ажиллагаанаас холуур явна шүү дээ. Өглөөний дасгал сүүлдээ хийх ч гүй, өглөөний хоолоо заримдаа зөөлгүүлнэ, аймар. Тэгээд бослоо гарлаа, шууд сагсны шийд. Бусад хүүхдүүд ихэвчлэн орой л ирнэ. А харин би хэдэн найзуудтайгаа өдрийн халуун, бороо салхи тоохгүй шүү дээ. Оройн диско болтол ерөөсөө л сагс сагс сагс л байлаа. Тэрнээс бусад зүйлс огт хамаагүй. Сүүлийн харих өдрөө бүлгийнхээ ганц нэг хүүхдийг ч танихгүй байсан юм даг. Олон жил яваад сүүлдээ бүр таньдаг хүүхдүүд олонтой болцон, ажилчдыг нь ч таньдаг болчихсон байж билээ. Хоол бол нэмүүлчихдэг л байсан юм. 
За ер нь ингээд бичвэл бага насны дурсамж дуусахгүй мэт. Би зун ер нь хичээл хийдэг хүүхэд байгаагүй ээ. Бага ангидаа зуны даалгавар шалгах үед доошоо хараал залбирдаг байлаа. Багш тэрнийг нь хараал миний нэрийг дууддаггүй байсан юм шиг байгаан. Ер нь хүүхэд болгон хичээл хийдэг, мундаг сурдаг байх албагүй гэж бүр сүүлд л ойлгосон юм даа. Хүүхэд гэдэг хичээлээс гаднах амьдралаас сурах зүйл асар их бий. Аз жаргалтай, хайрлах сэтгэлтэй, хүнлэг л хүн болж л өсөх хэрэгтэй болов уу. 
Ай даа наадам болохоор, эх орны салхиний үнэрээ дотроо төсөөлж л үнэрлэх юм даа. Миний нутгийн салхи нь хүртэл дэлхийд ганц шүү дээ. Эх орноосоо онгоцонд суух яг тэр мөчид нэг гүнзгий амьсгаа аваад ордог минь ч тэр. Энэ зун ч бас чадвал нэг харина даа. Олигтой юм хийдэггүй ч, ядаж л салхиа үнэрлэх минь.

Жич: Ярианы хэв маяг оруулахын тулд Монгол хэлний зөв дүрмээр бичигдээгүй үг хэллэг их байгаа болно.
2014.7.12


No comments:

Post a Comment