Tuesday, November 17, 2015

Яг ямар хүнийг зөв хүн гэнэ гэж?

Миний энэ нэг блог шиг юмыг хүн уншдаггүй л байх л даа. Гэхдээ яах вэ хааяа энд ингэж худлаа үнэн юм бичиж байвал өөрөө ч бага стресстэх юм даа. Ер нь бодлоо л доо. "Зөв хүн" гэж ер нь хэн юм бэ гэж. Би хувьдаа өөрийгөө аятайхан зөв хүн болох гэж хичээдэг гэж боддог л юм. Газар унасан хогийг минийх гэлтгүй хаячих, гялгар уутыг ашиглахгүй байх, сүүлийн үед мах идэхээ багасгая ч гэж бодож байгаа. 
А гэхдээ, бодоод үз дээ... би зүгээр тийм юманд санаа зовж чадах хэмжээний боломж л байгаад, тэрнийгээ зөв гэж бодоод байгаа юм шиг. Маргааш юм идэж чадах нь тодорхой, хийх л юм бол хийх хичээл нь бэлэн, унтах ор нь бэлэн, нэг үгээр хэлбэл "баян" байгаа болохоор л тийм юм боддог юм шиг. Гэтэл, хэцүү амьдрал дунд байсан бол хүний хүүхдийн хоолыг булааж өөрийн хүүхдийн ам уруу хийх шаардлага гарвал хийх л байсан байх. Байгаль орчны асуудал надад огт хамаагүй болж, хүмүүс хог хаях нь хэнд хамаатай юм гэж бодох л байсан байх. Би дэндүү амьдрал үзээгүй, цагаан гартай, баян орчинд байгаад байгаа болохоор л, өөрийн буруу гэж бодсон юмаараа хүмүүсийг буруушаадаг юм шиг. Хүн алах буруу, бөмбөг дэлбэлэх буруу. Гэхдээ үнэхээр хүнийг тийм болгодог нь байгаа орчин нь л юм шиг. Би жишээ нь дайн болж буй газар өссөн бол хүн алах нь тийм ч сүртэй гэж бодохгүй л байсан байх. Өөрөөр хэлбэл амиа бодох бол миний хувьд ухаантай санагдаж, түүнийг өөрөө зөв гэж үзэх байсан биз. Одоо л бид хэд, амиа бодох муухай, хулгай хийх муухай, худал ярих муухай, хүнд туслах нь сайн туслахгүй нь муу гээд л сайн муугаар нь ялгаж гарна. Яг яс юман дээрээ бүгд л муу зүйл хийж л байдаг. 
Эргэн тойрон бүгд л тийм байна. Бүгд л улстөрчидөө муулна. Өөрсдөө дэмжиж гаргаад ирсэн биз дээ. Яг яс юман дээрээ өөрсдөө болсон бол бүр дор байх байсан ч юм билүү. Нөгөө л атаархуу, тамын тогооны үлгэр явж л байдаг. Чи өөрөө гишүүн байсан бол, сайд байсан бол юу хийх байсан гэж? Өөрсдөө л бид нар мөнгө зүгээр авч баяжаад суух гээд байгаа биш гэж үү? Тэд нар бид нарыг ядуу амьдруулаад байна гээд л суугаад байгаа биз дээ? Яг юу хийж бүтээж байгаа юм? Нэг нэгэндээ төвөг удна, архи ууна, залхуу, ажилгүй, зорилгогүй, боловсролгүй. Оюутнууд нь хүртэл хичээл ном байхгүй ээ, жагсаж барина. Дунд сургуулийн дүү нар чинь төлж явдаг юм шд. Надаа тийм юм хийж өг л гэсэн бөөн хүмүүс байгаа болохоос би тийм юм чадна, хийж өгнө шүү гэж дуугарах хүн байхгүй. Дүн л чухал, тэрнээс тэр юу сайн сурах нь чухал биш. Нэг л юм чадна. Хүнд атаархана. Хүчээр бүхнийг шийднэ. Ярилцах гэхээр чи бол ийм тийм гээд шууд өндөр дуугаар дайрна. А тэгээд бас хэт өрөвдөмтгий. Өнөөдөр адгийн новж байсан бол маргааш баатар болчихсон л явна. 
Гэхдээ л бид нар буруу биш байх оо. Буруу зөв гэж ялгах шаардлага ч байхгүй байх. Юу буруу вэ гэвэл би ингэж шүүмжилж байгаа нь л буруу байх. 
Сүүлд нь нэг л юмыг хэлье. Энэ хөгжил гээд байгаа чинь үзэл суртал хүмүүжлийн л асуудал юм шд. Тэрнээс мундаг утас, машин хэрэглэх огт биш... Даана ч дээ нээрээ хэлээд ойлгохгүй л дээ...
2015.11.17 

Saturday, August 29, 2015

Шинэ зорилго нэмэгдсээр, шинэ мөрөөдөл гарч ирсээр

Яг одоо Шинкансэн (суман галт тэрэг)-д суугаад явж байна. Хурдны замаар автобус 9 орчим цаг явдаг газар, 3 цаг гаруй л явна. Энэ Японы инженерчлэл агуу биш гэж үү? Цонхоор ширтэн яваа би гайхаж бишрээд л явж байна. Хүнийг ая тухтай байлгах гэж, нийгмийг улам хялбар болгох гэж инженерчид ийм гайхалтай зүйлийг бүтээж байна. Тэгсэн хирнээ л ханахгүй улам цаадхыг нь зорьцгоож байна. Шинкансэн үйлдвэрлэдэг нь Японы Kawasaki Heavy Industries KHI гээд компани. Би уг газар материалаа өгсөн ч сонголтгүй унасан билээ.
Би яг одоо ирээдүйнхээ талаар эргэцүүлээд л сууж байлаа. Тэгээд гэнэт юм бичмээр санагдсан хэрэг. Ирэх 4 сараас Японы IshikawajimaHarima Heavy Industries IHI гээд компанид ажиллахаар болсон. Мэдээж хэрэг маш их баяртай байгаа. Миний хувьд хариугаа сонсоод бараг л уйлсан билээ. Би агаарт нисэж байлаа. Энэ нь KHI-аас огт дутахгүй асар мундаг газар.
Гэвч би юуг тунгааж явна вэ гэхээр, одоо үүнээс хойш хийх юм улам ихсэж, улам хичээх болж байгаагаа, хэрхэн зүтгэх вэ гэдэг тал дээр сэтгэл зүй талаасаа аль хэдийн эргэцүүлээд явж байна л даа. Би нэг юмыг сайн мэднэ. Би IHI-д ажиллах чадвартай юу? Гэвэл хариулт маань 4 үсэгтэй үгүй гэдэг ганц үгээр хариулна. Гэвч, ажиллах чадвартай болмоор байна уу? Гэвэл адилхан 4 үсэгтэй ч огт өөр утгатай тийм гэж хариулна. Яг миний хажууд суух, хамт шинээр орж буй оюутнуудын хажууд би мэдлэгээрээ бол хол хоцрох байх гэж бодож л байна. Гэхдээ хэр үнэнч, хэр өсөлттэй, хэр өөрийхөөрөө гэдэг тал дээр хэмжээндээ хичээгээд үзэх л санаа байна.
Яг үнэндээ, би бүх л төрлийн инженер болохыг хүсэж байна. Онгоц, цахилгаан станц, галт тэрэг, машин, мотор, мотоцикл гээд. Гэтэл Өгөөмөр гэдэг хүн ганц л юм даа. Ганц нэгхэн зүйл дээр л би төвлөрч чадвартай болно шүү дээ. Тэрнээс бусдыг нь бол сонирхох түвшинд сонирхож л чадна. Би нэг муу Японы мужид байдаг Akita University гэж улсын сургуульд сурдаг л гар л даа. Би MIT ч юм уу, Tokyo University ч юм уу, тийм мундаг газар сурч буй гар биш. Тэднийг мэдлэг чадвараараа гүйцэхгүй ч биз. Нэг л зүйлээр би гүйцэж чадна. Тэр нь хүсэл эрмэлзлээрээ.
Хүсэл эрмэлзлийг хэмжинэ ч гэж юу байхав. Гэхдээ хүн өөртөө хэр хүсэл эрмэлзэлтэй байна, тэрэндээ л чанагдаж явдаг гэж боддог юм. Би юм сурах бол, амархан замаас илүү хүнд замыг илүүд үзнэ. Чи зүгээр суу, би чамд зүгээр мөнгө өгье гэвэл би лав хүлээн авахгүй. Харин юм хийгээд юм олж долоох бол, надаа юу ч битгий өг, зүгээр л надаар хийлгэ гэж гуйна.
Ер нь тэгээд нэг зүйлийг би сайн ойлгодог болсон. Зорих л юм бол бүтэхгүй зүйл гэж үгүй. Магадгүй цаг хугацаа шаардах байх. Гэхдээ тэр цаг хугацаа нь чамайг л тэжээж өгч байгаа сургууль болдог. Чамайг өшөө хөгжүүлэх гэж л тэр хугацаа хүлээлгэж байгаа. Тиймээс хялбар замаар битгий зүтгээсэй л гэж би хүмүүст ойлгуулахыг боддог юм. Юм удаан байх тусмаа амттай шүү дээ. Тиймээс хэзээ ч шантрахгүй зүтгээд л байхыг хичээх нь зөв мэт.
Эргээд яриандаа ороход, Японы хөгжил дандаа амжилттай байсан уу? Шинкансэнийг санаандгүй л бүтээчихсэн хэрэг үү? Анх яасан ч бүтэхгүй мэт байсан зүйл одоо биеллээ олчихсон байгаа биз? Техник технологийн бүхий л хөгжил тийм шүү дээ. Бид нар хэдхэн жилийн өмнө дэлгэц нь мэдэрдэг утас гэж төсөөлж ч байгаагүй биз тийм үү? Тэгвэл энэ бүгдийн ард, асар олон тус тусын жижиг жижигхээн хөгжлийг зорилгоо болгож хичээж ирсэн инженерчдийн ач тийм биз? Юм гэдэг яг л ийм олон жижиг бэрхшээл, олон бүтэлгүйтэл, олон боломжгүйг бага багаар тууштай байдлаар шийдэж ирсний дүнд л бүтдэг юм. Бүтэлгүйтэл нь өөрөө дараагийн амжилтыг дагуулдаг алгоризмын л нэгэн үйлдэл. Тиймээс би ч гэсэн цаашдаа чадах чинээгээрээ л бүтэлгүйтмээр байна. Тэгж байж л би улам мундаг болно. Энийг хэрвээ та уншиж буй бол, та ямар нэгэн юмыг бүтэхгүй хэмээн харж байгаа бол, зүгээр л оролдоод үз гэж л хэлмээр байна. Зүгээр суух бус хөдлөөд л үз. Та юуг ч бүтээж чадна. Хүмүүс ээ, одоо зүгээр суух цаг биш ээ. Бүгдээрээ хөдөлцгөөе...

2015.08.28


Monday, March 30, 2015

Ойрд толгойд болж буй элдэв бодол

Яг одоо бичих гэж байгаа зүйл маань зөвхөн миний тухай л зүйл тул та сонирхолгүй гэж бодож байвал уншихгүй байсан ч болноо. Би зүгээр л бодогдсон зүйлсээ хаа хамаагүй бичнэ. 

Би яг одоо Японд ажилд орох талаар судалж байгаа юм. Гэхдээ яг үнэндээ миний үнэн зорилго гэвэл, Японд ажиллах гэдэгтээ биш, Япон оронд өөрийн хүссэн зүйлээ л илүү хийж чадна гэж бодож, хүссэн хэдхэн компанидаа чаленж хийж үзье л гэж бодож эхэлсэн. Тэрнээс энд ямар ч хамаагүй ажил хийгээд үлдье гэж бодож байгаагүй. Гэтэл яг үнэндээ бас яг тийм амархан биш юм. Миний бодож байсан Job Hunting нь Японд асар том нэгэн зүйл байдаг. Над шиг нэг муу их сургуулиас гарах, олигтой мэдлэгтэй бус, ер нь л яг үнэндээ Япон оюутнуудыгаа ч гүйцэж чадахгүй надад бол ахадсан нэгэн бодол ч юм шиг...

Гэсэн хэдий ч онгоц гэгч зүйлийг мөрөөдөж өдийг насныхаа за бараг 80 хувийг өнгөрүүлсэн би, бас зөв зүгээр буугаад өгч чадахгүй юм. Энд онгоцтой холбоотой газарууд, гадаад оюутныг авдаггүй гэсэн хариу их өгөх юм. Арга ч гүй биз, цэргийн нууцаа юу гэж над шиг нэгэн тагнуулд дэлгэхэв. Надад уг нь падь ч байхгүй л дээ тэр цэргийн онгоцнууд. Гэхдээ л Япон нь энх тайван орон мэт хирнээ л, цаагуураа байлдааны онгоц хийж л байгаа байхгүй юу... гэж бас бодох. Ер нь л дайны улмаас онгоц ингэтлээ хөгжиж байгаа нь нуух юун. Гэж бодохоор би ер нь ямар ч мөрөөдөлтэй юм бүү мэд. Монголдоо нэг байяаа гэхэд онгоцны эд анги үйлдвэрлэдэг, цаашлаад онгоц үйлдвэрлэдэг л болох юмсан. Хөгширсөн хойноо нэг жижиг онгоцтой, хотоос ойрхон нэг тосгонд амьдарсан шиг жаргалтай хорвоог орхих юмсан. 

За яриа бүр солиорлоо. Зүгээр сэтгэл түгшээж байгаа зүйл маань, эндээ хүссэн компанидаа үхтлээ үзэх, эсвэл тодорхой хэмжээнд гайгүй мэргэжлийхээ ажлыг хийх, эсвэл зүгээр харих гэсэн 3 сонголт дээр ирчихээд байгаа юм. Энд ажиллаа гэхэд дор хаяж 3, за би бол 5 гэж бодож байгаа, бүр цаашлаад бүр л удах байх. Гэхээр хамаг залуу насны эрч хүчээ энд бас зармааргүй ч юм шиг. Гэлээ гээд над шиг мяа гарын хэрэг эх оронд яг хэрэгтэй юу гэвэл бас тийм ч биш юм шиг. Би ер нь л хичээх хэрэгтэй байгаам л даа. Монголд байгаа бидний залхуу мяа гэдэг хүмүүстэй яг яс юман дээрээ би ялгаагүй байгаа юм. Эргэн тойрны найзууд надаас улам л илүү хурдан хөгжөөд байгаа юм. 

Бүр ямар ч найруулаггүй юм биччихлээ. Ер нь бол өөртөө зориулаад л биччихлээ. Та уншаад цагаа алдсан бол уучлалт хүсье.

2015.3.30


Monday, January 26, 2015

Туйлшрал дэндээд байгаа мэт...

Ойрд болоод буй нэг зүйлийн тухай цухас жижигхэн зүйл бичье гэж бодлоо. Вьетнам засварын газарт байгаа ажилчид болон Монгол охидын тухай. За даа ФБ-ээр бол бөөн юм. Хөөрхий зайлуул, бидний машиныг янзалж өгөөд байдаг, бид нар төлөг гэж дуудсаар. 
За би нэг л зүйлийг шууд бичье. Яагаад Монгол охин засварын газрын Вьетнам залуутай хайр сэтгэлтэй болж болохгүй гэж? Нэг бичлэг дээр лав хоорондоо хайртайгаа хэлээд л байсышд. Харин ч мөнгөөр цатгалан, өөр гадны шар толгойтой баян хүнээс л илүү хайр сэтгэл тэнд тогтсон мэт. Энгийн нүдээр харахад, харин ч тэр охин засварын газар ажилладаг, энгийн нэгэн залуутай сэтгэлтэй болсон гэдэг чинь лав л мөнгөнд болж холбогдсон холбоо биш мэт. 

Анзаараад байхад нэг Вьетнам залуу л утсаа алдсан юм шиг байгаа юм. Тэгээд л тэрэн дотор байгаа бүх зураг, бичлэг тарчихсан. Хүний утсан доторхыг дэлгэж байна гэдэг чинь өөрөө маш болохгүй муу зүйл. Утас олоод бөөн баяр болж өөрийн болгоно гэдэг яг үнэндээ шударга бус (ихэнхи хүн бол ийм л бодолтой байгаа), олсон хүний олз гэдэг үг бол энэ буруу хүмүүжлийн гол өөгшүүлэгч. 

Бага зэрэг хазайх гэж байна. Миний хэлэх гээд байгаа нь, тэдгээр Монгол охид лавдаг л бие хаагаа үнэлээд байгаа юм шиг санагдаагүй (би сайн мэдэхгүй л дээ). Бид өөрсдөө ийм сэтгэлгээнээ болж, Монгол хүмүүсээ байнга алдаж байдаг. Өвөр Монголчуудыгаа Хятад гэх зэргээр. Та яг үнэндээ цэвэр Монгол гэдгээ яаж батлах юм? Ер нь цэвэр Монгол хүн гэж яг хэнийг хэлэх юм? Чингис хааны цус дэлхийн 100 хүн тутмын нэгд байдаг гэсэн байдаг шд. Угаасаа энэ чинь аль эртнээсээ холилдчихсон зүйл. Үнэхээр л хайр сэтгэлтэй юм бол гадны хүнтэй суулаа гээд яадаг юм, юу нь буруу байгаа юм? Танай хамаатанд хүртэл тийм хүн байж л байдаг шд. 

За тэгэхээр нэг иймэрхүү байна. А тэр, адуу нядалж байгаа болон машин дээр юм хэрчиж байгаа зэрэг дээр бол no comment...