Friday, May 9, 2014

Амьдрал юун дээр тогтдог вэ?

Дөнгөж 22 настай амьдрал үзээгүй миний бие насандаа ахадсан айхтар нэгэн сэдвээр бичихээр шийдээд байж байна. Та ер нь юуны төлөө амьдардаг вэ? Өглөө босоод юу бодож, орой унтахдаа юуг дүгнэж, эргэцүүлж унтдаг вэ?

Эхлээд жаахан оршил болгож, Монгол орныхоо харамсмаар хэдэн зүйлээс авч үзье. Бүх хүн биш ч гэсэн, бараг ихэнхи нь гээд хэлж болох болов уу. Юу вэ гэвэл, нэг нэгнээ хуурсан, анд нөхрөө чадсан, молигдсон улсууд хаа сайгүй. Онгоцноос буухад, таксины жолооч нар гадаад иргэдээс илүү мөнгө авах, Ганданд очиход ч гадаад иргэдээс их мөнгө авах, за бүр нэг нэгнийхээ халаасыг ухах, нэг нэгнээ дээрэмдэх гээд зүйлс хаа сайгүй. 
Тэгвэл энэ бүгдийн гол шалтгаан нь юу гэж?
Нөгөө л магадгүй таны ч хүсэж байгаа МӨНГӨ! юм шиг байгаа юм. Магадгүй дэлхийн хүн бүрийн хүсдэг зүйл бол ердөө л энэ. Амьдрал мөнгөн дээр тогтдог. Гэвч үнэхээр тийм гэж үү?
Би энд өөрийхөө нэгэн мөрөөдлийг бичихээр шийдэв. Би түүх соёлоо сайн мэддэг хүн бас биш, хотод өссөн ажил хийж сураагүй энгийн нэгэн цагаан гартай, зарим талаараа ёс мэдэхгүй Монголоо алдсан Монгол мэт. Гэхдээ яагаад ч юм, өөрийхөө мэддэг эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг. Монголчуудад нэгэн цайлган, цагаан сэтгэл байдаг гэдгийг би мэддэг. Тэгээд мөрөөдлөө бичье л дээ. 
Монгол орноо хамгийн аз жаргалтай орон болгох нь миний нэгэн мөрөөдөл юм даа. Амархнаар хэлбэл бүх хүнийг ХҮН шиг ХҮН болоосой, тийм хүмүүсийг бий болгох юмсан гэж байнга боддог. Жишээлбэл, гар утсаа алга болгох үед олсон хүн нь эзэнд нь өгдөг, өгчихөөд мөнгө биш баярлалаа гэдэг үг болон инээмсэглэлээр шагнагддаг, мөн автобусны кондуктар аятайхан харьцдаг, яахав дээ зарим хүмүүс мөнгөгүй л байгаа биз, тэднийг нийгэм нь өөрсдөө хаячихаад байна шүү дээ, нэг тийм л сайхан сэтгэлийн уурхай болсон улсыг бүтээх юмсан. 
Энэ бүгдийн хамгийн гол буруутан нь ерөөсөө л мөнгөнд хэт шунахайрсных байгаа юм. Аргагүй, таныг мөнгө олж ирэхгүй бол таны хүүхдүүдийн идэх хоолноос эхлээд гачигдал үүсдэг. Гэхдээ хүн болгон барааныхаа үнийг тэнгэрт хадуулаад, хүн болгон хүнээ мөлжөөд байна шүү дээ. Сайн бод, та нэг сая төгрөг оллоо гэж бодъё. Та яг юу хийх вэ? Магадгүй та үхтлээ баярлана, гэвч та сэтгэл хангалуун байж чадах уу??? Та дахиад л зүгээр олохыг хүснэ. Яагаад гэвэл энэ нь нэгдүгээрт таны дулсуулсан хөлснөөс бус амархан аргаар олдсон, хоёрдугаарт та тэр мөнгөө аль хэдийн үрээд дуусгачихсан. Гэхдээ энэ мөнгө танд амттай санагдах уу? Мөнгө бол тодорхой хэмжээнд зовж байж олохгүй бол хүнийг эвддэг мэт. Хүнийг хөгийн амьтан болгодог мэт. Миний хамгийн их харамсдаг зүйл бол ердөө л энэ. Монголчуудыг маань хагаралдуулж байгаа зүйл бол тэр Хятад орон биш ээ, Оюу-Толгой ч биш. Тэр 76 гишүүн ч биш. Та бидний (76 гишүүн ч тэр) тархинд суулгагдсан тэр үнэлэмжинд л байгаад байна шүү дээ. Бид өөрсдөө дотроо бутарцгааж, сүйрүүлж байна.
Бид мөнгө л авч байвал хүн ч алахад бэлэн байна. Энэ бол жинхэнэ сүйрэл. Бид зүгээр л мөнгөний боолууд болцгоож байна. Бид чинь уг нь тун цөөхүүлээ, тэнцүүхэн хуваагаад амьдарвал энэ дэлхийн хамгийн баян, аз жаргалтай орон болохоор юм.
Хэрвээ та их хурлын гишүүн болбол яах вэ? Та хамгийн түрүүнд баян болохыг л хүсэх байсан биз. Яагаад цэвэр цалингаараа, бусад иргэд шиг амьдарч болохгүй гэж? Би лав байсан бол тийм л хүн болох байсан. Гэж хэлээд би эрдэм мэдлэг, чадвараараа хамаагүй дутна л даа. 
Тэгэхээр амьдрал зүгээр л аз жаргал дээр тогтож байгааг та бүхэн ойлгоосой. Харин таны аз жаргал юу ч байж болно. Хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд, таны хийх дуртай зүйлс. Таны үр хүүхэд таныг мөнгө өгөхөд баярлах уу, эсвэл хамт инээлдээд тоглоход баярлах уу? Тэр гоё утас, гоё машин, тансаг хэрэглээ тийм чухал уу? Та нетгүй байж iPhone хэрэглэж яах юм бэ! Хэрэглэх түвшиндээ тааруулж алхацгаая гэж залуучууддаа сануулмаар байна. Ганц шөнө нойргүй хонохыг ч тэвчдэггүй сул дорой байж!
Залуучуудаа бидний эрин үе ирсэн шүү. Гэвч бид эх орноо авч явахад дэндүү түүхий, дэндүү сул дорой, дэндүү хазайсан мөрөөдөл зорилготой байна. Одооноос өөрийхөө 5,10 жилийн дараах зорилгоо тодорхойлох цаг болсон. Маргаашийн уух гэж байгаа архины мөнгөнөөс чинь хэд дахин чухал!!!
2014.5.9

2 comments:

  1. Сайн байна уу ? 22 настай гэхээр би чамаас хэдэн насаар ах бололтой. Тиймээс дүү минь чиний нийтлэлүүдийг уншлаа ерөнхийдөө системтэй сэтгэж сурсан чинь ажиглагдаж байна. Энэ бол залуу насанд олдсон маш том давуу тал шүү. Чи тун том сэдвийг барьж авч өөрийн орон зайндаа бодлоо илэрхийлсэн бололтой. Энэ нийтлэлийн хувьд надад өөрийн бодлоо илэрхийлэхийг зөвшөөрнө үү. Амьдралыг зөвхөн аз жаргал дээр тогтдог гэвэл зохимжгүй гэж бодож байна. Амьдрал аз жаргал болон зовлон бэрхшээлийн цогц учраас аль альнаас нь тогтдог ойлголт юм. Бас хүн гэдэг амьтан наад захын хэрэгцээгээ хангаж чадаагүй байж түүн дээр суурилсан ( тухайлбал " хотын соёл") гэх мэт дараагийн ойлголтуудын талаар бодох боломжгүй юм. Яагаад гэж үү яагаад гэвэл тэд мэдэхгүй учраас хөгжсөн орнуудын түүхийг харахад эхлээд өөрсдийн давуу тал дээрээ үндсэн хэрэгцээгээ хангасны дараа тэдэндээ хэрхэн хандах талаараа хүмүүс суралцсан байдаг. Тиймээс бид хөгжиж байна өөрөөр хэлбэл ийм үед бид амьдарч байна. Харин өөрөө боловсрол эзэмшсэн бол бусдыг боловсруулахад бодитой хувь нэмрээ оруулахыг хичээгээрэй. За сүүлд нь жаахан сэдвээсээ хазайчих шиг боллоо блог чинь таалагдлаа байнга орж уншиж байна. Өө нээрээ бас "танийг" гэхэд эр үгийн "ы" орно шүү okey :-). Хүсвэл миний комментенд шүүмж өгөөрэй.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу?
      Анхны сэтгэгдлээ аваад бөөн баяр болж байна хэхэ. Блог бичлээ гээд лаг болохгүй, хүмүүс зүгээр нэг орж харчихаад мундаг юм гэх мэтээр магтдаг л юм. Гэхдээ би хүмүүсээс яг л тань шиг ингэж шүүмж болон зөвлөгөө, мөн асуултыг хүсдэг юм. Баярлалаа.
      Таны дээр дурьдсан, хүн гэдэг амьтан хэрэгцээгээ хангаж чадаагүй байж гэдэг өгүүлбэр маш оновчтой санагдлаа. Яг л миний энэ бичвэрийн хариу мэт.
      Дүгнээд хэлбэл, бид буюу ихэнх Монголчууд маань өөрийн жинхэнэ хэрэгцээгээ мөнгө, эд хөрөнгө гэж андууран хөөцөлдөөд байх шиг. Тэгээд тэрхүү хэрэгцээгээ үхэн хатан хангах гэж зүтгээд, бусад зүйлсийг ор тас мартаад өнгөрүүлээд байх шиг.
      Миний хүсдэг Монгол орон нь, хүн болгон маш сайхан сэтгэлтэй (бид сайхан сэтгэлтэй ард түмэн л дээ), хүнийг хуурдаггүй, шударга тийм л нэгэн улс. УИХ-ын гишүүд нь автобусаар ажилдаа явдаг, дарга нар нь нийтийн тээвэр ашигладаг тийм л энгийн.
      За би тэгээд цаашдаа нийтлэлээ уншиж байгаа хүнийхээ цагийг үрэхгүйн тулд улам ихээр сайн уншиж нягталж оруулж байна аа.
      А тийн, дүрмийн алдааг засч өгсөнд баярлалаа :D

      Delete