Wednesday, December 24, 2014

Энэ оны сүүлд хийх хэдэн дүгнэлт


2014 он ингээд тун удахгүй дуусах гэж байна. Миний хувьд яагаад ч юм их том жил байлаа. Томоор нь авч үзвэл өмнөх жилүүдээс илүү дураараа дургисан л жил болох шиг болж, нийт үнэлгээ талаасаа бол 80 хувь орчим гэж бодном. 
Юун түрүүнд, 1 сарын сүүл, 2 сарын эхээр төгсөх дипломын ажил гэж хэд хоног сургууль дээр амьдрах шахуу л юм болсон доо. Гэхдээ яахав баклаврын хэмжээнд тооцогдож болох нэгэн дипломын ажил бичиж чадах шиг болсон. Тэрүүгээрээ 3 сард мөн Японы Механик инжереийн холбооны хурал дээр бас илтгэл тавьчихсан гэж байгаа. Бас хөөрхөн хурган амжилттай. 

За тэгээд яг тэр үед баяр болон гунигийн олон ээлж дараатай хэсэг хугацаа өнгөрсөн дөө. Юун түрүүнд Сэйва гэж тэтгэлэгт тэнцсэн. Гэхдээ шулуухан хэлэхэд мөнгөн дүнгийн хувьд хангалтгүй байлаа. Тиймээс өөр олон тэтгэлэгт мөн бичиг баримтаа өгч байсан ч, харамсалтай нь бүгдээс нь үгүй гэж ирсэн. Ёстой л чамлахаар чанга атга гэж үг санаанд орж ирж билээ. Анх удаагаа Осака, Кёото хотуудаар аялж байсан ч, яг тэр үед сүүлийн найдвар болох тэтгэлгээс үгүй гэсэн хариуг аван би гэж хүн нөгөө л сэтгэлээр унадгаараа унав. 
Гэтэл азаар, сургуулийн нэгэн нэмэлт тэтгэлгийн хөтөлбөрт тэнцэж 2 тэтгэлэг авах болов. Нийлээд бол яг л болох байлаа. Би гэж хүн бөөн л баяр болов. Сэтгэл санаагаар нэг дээшилж, нэг доошилдог би гэдэг хүн, бас яахав хөөрхөн л баяртай байлаа. 
За тэгээд зун болов. Энэ жил Японы хамгийн өндөр уул болох Фүжи ууланд авирахаар шийдэв. Бусад хүмүүс, Фүжи олон авирах нь тэнэг хэрэг гэгддэг ч, миний хувьд үнэхээр бүр үнэхээр таалагдав. Намайг солиотой гэж магадгүй ч, надад лав огт бүр огт хүнд байгаагүй. Басч байгаа юм биш, харин ч агаар нь сийрэг, яг л Монголын маань агаар шиг гоё, мөн яг л миний хүсдэг шиг чийглэг мөн салхитай байсан. Тэглээ ч авирахад зориулсан замтай. Учиргүй л төөрөхгүй бол аягүй дажгүй санагдсан. Ирэх жил дахиад авирах бодолтой байгаа. 
За тэгээд бууж ирээд гэр лүүгээ 9 хоног харьсан. Дэндүү богинохон байсан нь харамсалтай байсан ч, гүэ яахав гэртээ жаахан эрхэлж байгаад ирсэн. Болдогсон бол дүүтэйгээ өдөр бүр хамт байхсан. Яагаад ч юм дүүтэйгээ л байгаад байвал болоо мэт. Найзуудтайгаа уулзах цаг хүртэл дүүтэйгээ хамт байх цагаас хумсалж байгаа мэт хайран санагдаж билээ. Ялангуяа найзууд цагаа барихгүй болон, дэндүү хайнга хандах үед. За яахав цаг хугацааг буцааж болох биш. 
За тэгээд буцаж Японд ирээд, бас өөр нэгэн Механик Инженерийн хуралд илтгэл тавьж үзлээ. Бас л хөөрхөн амжилттай л болох шиг болсон. Бас нэгэн жижиг сэтгэлээс нэгэн том ачаа авч хаясан. 
Тэгээд дуусгаад дараа нь энэ жилийн хамгийн аймшигтай нэгэн зүйлийг хийсэн. Акитагаас Токио хүртэл дугуйгаар явах аялал хийсэн. Жишээ нь эхний өдөр гэхэд 212 орчим км дугуйдсан байсан. Тэр дотроо уул толгод даван байж, 5 цаг орчимыг нь харанхуй замаар жийсэн дээ. Хамгийн балай нь хөдөө газар болохоор, машин ч байхгүй, дугуйны гэрэлд хаа нэг мэлхий зэрэг харагдана. За тэгээд нүүр бол аалзны шүлс болох зэрэг бол энүүхэнд байсан даа. Гэх мэтээр 3 өдөр аймшигтайгаар дугуйдан байж Токиод хүрсэн. Замд хонуулсан хүмүүс болон хамт явсан Баганаадаа баярлалаа гэж. Тэгж байгаад бүр олон хоногоор илүү тайван аялал хийх төлөвлөгөөтэй байгаа. 
Тэгээд буцаж ирснийхээ дараа 9 сарын сүүлээр Хоккайдо руу усан онгоцоор аялал хийсэн. Бас л жаргасан байгаа биз? Энэ жил ер нь л өнгөрсөн 4 жил хийгээгүй бүх зүйлсээ хийж үзэж байна. Хамгийн гол нь Хоккайдо их таалагдсан. Явсандаа харамсаагүй, харин ч баярласан, тэгээд л болоо гэж бодож байна. 
Хамгийн сүүлд нь, Японд зохиогддог Сагсны тэмцээнд оролцсон байгаа. Гэвч энэ жил мөн л маш муу амжилттай оролцсон доо. Гүэ яахав шүүгч нар аягүй муу байсны улмаас, сагс биш Америк хөлбөмбөг л болсон. Гэхдээ тэр бол шалтаг л байлгүй. 10 жилд, ахлах сургуульд сургуулийн аварга 2 удаа болж (багтаа үргэлж чухал үүрэг гүйцэтгэж), дүүргийн аварга болж, хүүхдийн лигт амжилттай тоглож олон оноо авдаг байсан үе маань өнгөрсөн үү? эсвэл угийн зүгээр л сайн баг, дасгалжуулагчийн ач тус байсан уу мэдэхгүй юм. Өөртөө жаахан санаагаар унаж л байна. Өөрийгөө дажгүй тоглодог гэж боддог ч, сэтгэл санаагаар ч тэр, чадвараар ч тэр дутмаг гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой мэт санагддаг боллоо. Уг нь бол хэнээс ч дутуу гэж боддоггүй, бүгдийг нь хожно, бүгдээс нь илүү гэж өөрийгөө боддог юм. Гэхдээ бодит байдалтай эвлэрэх цаг ирсэн мэт. Яг ний нуугүй хэлэхэд сэтгэл санаагаар унаж, гутарч л байна.
За тэр яахав. Одоо эндхийн шинэ жилд анх удаа орж үзэх бодолтой байгаа. Ирээд 5 дах жилдээ анх удаа оролцож үзнэ. Тэгээд л энэ оны адал явдал дуусна даа. Сайнтай муутай нэгэн жил ингээд дуусч байна даа. Ирэх онд илүү завгүй, илүү чөлөөт цаг зугаа цэнгэлгүй уйтгартай нэгэн жил л болох байх даа. Одоо тэгээд оюутан нас ч дуусч байна шүү дээ...

Энэ онд болсон амжилттай зүйлс:
1. 2 хуралд илтгэл тавьсан.
2. Фүжи авирсан
3. Кансай бүс болон Хоккайдо явсан.
4. Дугуйн аялал хийсэн. 

Бүтэл муутай онцгүй зүйлс:
1. Гэртээ тун богино хугацаагаар харьсан
2. Сагсны тэмцээнд амжилт муу ороцлсон
3. Зарим үед утас зэргээ унтрааж, сургуульдаа 

2014.12.24

Tuesday, December 2, 2014

Спортын ач холбогдол

Энэ удаадаа нэгэн тас хөндлөн ч байж магадгүй нэгэн зүйлийг бичье гэж бодлоо. Тэр нь юу вэ гэвэл спорт, биен тамир. 10 жилд байхад лаг лаг тоглодог охидууд, оюутан болоод ирэхээрээ тэгээд хаячихдаг, за ер нь охин ч гэлтгүй эрчүүд нь ч ялгаагүй. Нэгэнт л тамирчин болохгүйгээс хойш, өөрийнхөө ирээдүйд анхаарах гэж тэгдэг байх. Энэ миний нэг харамсдаг зүйл юм даа.
Заавал ч гүй лаг байх албагүй, заавал ч гүй тамирчин байх албагүй, заавал ч гүй мундаг гоё биетэй байх албагүй. Хамгийн гол нь спорт биен тамир гэдэг зүйл чинь өөрөө эрүүл мэндийн чинь гол үндэс юм болов уу? 
Би Японд ирээд нэг зүйл анзаарсан... эд яагаад ингэж урт наслаад байна гэж? Мэдээж хэрэг хоол хүнсний асуудал дээр эрүүл хооллолттой л гэгддэг нь үнэн. Гэтэл эд нар яс яривал манайхнаас ч их архи ууна, тамхи татна. Яг нарийн тоо баримт гаргаж чадахгүй байгаад уучлаарай, гэхдээ лав тамхидалтаараа бол нилээн дээгүүр ордог улс гэж нэг хичээл дээр үзэж байсан юм байна. Эрчүүд нь бараг дэлхийд 2т байсан байх. Гэвч бас зөвхөн тэр биш байна аа. Эд нар хөгшин залуугүй биен тамирлаг юм. Орой болон өглөө гудамжаар гүйж байгаа хүмүүс ёстой л 8 настай балчираас 80 настай буурал хүртлээ байна. 23тай миний бие ч тэр лаг хүмүүс шиг тэсвэр тэвчээргүй мэт. Хамгийн чухал нэг хэлэх гээд байгаа зүйл нь, эд нар өөрсдийгөө бүр хөдөлж чадахгүй болтлоо хөгшин гэж огт боддоггүйд байгаа юм. Тэрхүү үзэл бодлыг өгөгч нь ердөө л энэ эрүүл чийрэг бие балдир.
Миний хэлэх гээд байгаа юм нь, ямар ч л байсан биен тамираар хичээллээсэй л гэж Монголчуудаасаа хүсдэг. Нэн ялангуяа эмэгтэйчүүдээсээ.
Яагаад гэхээр эрчүүдийн ихэнхи нь болохоор ямар нэг аргаар зааланд тоглож бариад байдаг, бас сүүлийн үеийн залуучууд бие хаандаа нилээн ч анхаардаг болж. Гэвч анзаараад байхад эмэгтэйчүүд дунд биен тамир хийдэг хүн нь цөөнх мэт.  

Яг эндээс яриаг жаахан өөрчилье. Юу вэ гэхээр, спортын бүх төрлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж би үргэлж боддог. Бид нар заавал ч үгүй олимп, дэлхий аваргаас шууд медал авах спортыг хөгжүүлэх ч албагүй юм. Монголд хараахан байхгүй байгаа бүхий л спортыг эхнээс нь ч хамаагүй эхлүүлээд, бүх арван жилийн сургуулиудад хичээллүүлж эхлэх хэрэгтэй гэж боддог юм. Спортоор хүн маш олон талаар хөгжинө, хүмүүжнэ. Америк хөлбөмбөг, бейсбол гэж би лав бага сонсож байсан, хоккей, рагби бол байдгийг мэднэ. Тэр зүйлүүд рүү төрөөс мөнгө хэрэгтэй байгаа юм даа. Уг нь та бод доо. Бид олон төрлийн спортоор аймаг сумдаараа нийлсэн лигтэй байна гээд. Хөвсгөлийн Цаатууд, Говь-Алтайн Атууд эсвэл Мазаалай ч гэдэг юм уу багуудтай. Тэгээд улс даяар аялан тоглолт хийж явдаг. Тийм нэгэн мэргэжлийн спортын лигүүдтэй байвал, хотын нягтаршилт ч багасч, хөдөө орон нутгийн хөгжлийн ч эх үүсвэр болж мэдэх мэт. Мэдээж, үндэсний спортуудыг цааш нь хэрхэн хадгалж үлдэх гэдэг маш том бодлого хэрэгтэй мэт. 20 жилийн дараа бөх сонирхох хүн байхгүй болсон байх вий гэж санаа зовдог юм. 

Зазазаза би бас л олон юм үглээд ирлээ. Зүгээр санаа нь спорт улс оронд чухал юм шүү л гэж хэлэхийг зорьлоо. 
2014.12.02

Шинжлэх ухааны туйлын зорилго юу гэж?...

Миний бие онгоц гэгч зүйлд багаасаа дурлан, яаж ийм хүнд юм ингэж нисч чадаж байнаа? гэж байнга гайхан бодож өссөн. Тэр ч утгаараа механик инженерийн мэргэжлийг сонгон хичээллэсээр өдийг хүрчээ. Юу нь сонирхолтой гээч? Механик инженерийн мэргэжил гэх мэргэжил хэр өргөн хүрээтэй, ямар гоё зүйлстэй холбогддог гэдгийг ойлгож мэдэх. 
Тэгээд энэхүү мэргэжлээр олон ч хичээл үзлээ, олон ч туршилт хийлээ, олон ч үнэтэй үнэтэй багаж ашиглаж үзэж байна. Гэхдээ нэг зүйлд сүүлийн үед бага зэрэг залхсан ч гэх юм уу, учрыг нь ойлгохгүй болж эхэлж байна. Тэр нь юу вэ гэвэл, энэ шинжлэх ухаан ингэж хөгжлөө гээд ер нь сайн зүйл байна уу? гэж...

Бид одоо үед ингээд интернет ашиглаж байна, гэрийхэнтэйгээ шууд л нүүр нүүрээ хараад ярьж байна. Дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй шууд л холбогдож байна. Механик инженерийн хувьд, эрт дээр үед хэдэн өдөр явж очдог байсан газар луугаа хэдхэн цагт яваад очдог болж. Зам тээвэр гэхээс гадна, спортын хөгжил, хүний ая тухтай байдал гээд олон зүйлд ач холбогдлоо өгч ирсэн. 

Гэхдээ энэ бүгдгүйгээр бидний амьдрал ямар байсан бэ? Би лав санадаг юм, багадаа гадаа л тоглодог хүүхэд байсан. Өвөл цасан дээр сумогийн дэвжээ зураад сумоддог, цасан дээр хөлбөмбөгддөг, дулаан үед баавгайн чих гээд их тоглодог байж. Гэтэл одооны хүүхдүүд? iPad мэтээр л тоглож байна шүү дээ. 
Багачууд ч гэлтгүй томчууд нь ч ялгаагүй. Жишээ нь Японд тээврийн хэрэгсэл дотор утсаар ярих хориотой байдаг. Тэгээд яах вэ гэхээр, бүгд утсаа шагайсан чимээгүй хэдэн хүмүүс. Энэ бүхэн тэгээд нийгмийн харилцаа юу? гэвэл мэдээж үгүй. Энэ бүхний эх үүсвэр бидний үүсгэсэн шинжлэх ухаан биш гэж үү? Бүр энгийнээр бодоод үзье. Буу, галт зэвсэг, хими, цөмийн зэвсэг... эд бүгдийг хэн нээсэн гэж? Мэдээж хүмүүс бид шүү дээ. Ой модыг хамаагүй тайран сүйтгэж, хотжилт гэх нэрээр байгаль орчинг үгүй болгосон. Тэгээд энэ бүхэн тийм гоё байна гэж үү? Хэдхэн жилийн өмнө гараар бичсэн захиагаар харилцаж, дэндүү амттай хүний харилцаа байсан. Мэргэжлийн Сумо бөхийн 68дахь их аварга Д. Дагвадорж гуай маань хүртэл жижиг зоос цуглуулан байж ээжийхээ хоолойг 30хан секунд сонсдог байсан гэдэг. Мөн дээр үед захиагаар харилцдаг байсан ба, зөвхөн хосуудын хайр дурлал гэлтгүй бүхий л төрлийн хайр илүү нандин харилцаатай байсан юм шиг. Одоо бол нетээр үеэрхээд, нетээр салж байна шүү дээ цаана чинь хэхэ. Гүй яахав нэг талаасаа хоорондоо шууд холбогдоно гэдэг асар том хөгжил.

Хэдэн жилийн дараа биднийг ямар дэлхий хүлээж байна вэ? Миний төсөөллөөр, зөвхөн миний төсөөллөөр шүү... дэлхийн дулаарал гэгч зүйл газар аван цөлжилт дунд өнгөрөөх байх, дагаад ан амьтан ургамал ч цөөрнө, байгаль гэж үгүй болно. Хамаг баялаг нь дуусаад, машин онгоц зэрэг ашиглагдахгүй болж эхэлнэ. Цахилгааны эх үүсвэрүүд дандаа байгалийн нөхөн сэргээгдэх эрчим хүчнээс авна, гэхдээ машины болон бусад ихэнхи үйлдвэрүүд зогсох учир их хэмжээний эрчим хүч хэрэггүй. Хүмүүсийн өдөр тутмын хийдэг усанд орох, сэрүүцүүлэгч, халаагч зэрэг нь тансаг хэрэглэгчид л ашиглана. Мэдээж хоолны хомсдол гарч ирнэ байх. За ер нь л эвгүй болох байх. Дэлхийн дулаарал багасахгүй гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Гэхдээ үүний төлөө хэн ч хичээхгүй байна шүү дээ угийн цаанаасаа. Харин ч шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд асар их зүйлсийг зарцуулж, золиосолж байна. 

Минийхээр бол, шинжлэх ухаан инженерчлэл гэгч зүйл хөгжихийн хэрээр муу үр дагаврыг байнга дагуулдаг мэт. Адгийн наад зах нь гаргүй, хөлгүй хүнийг хиймэл эрхтэнтэй болгох гээд хөгжүүлтэл цаана нь Роботод ашигтай судалгааны хариу гараад ирнэ. Үүнийг дагаад робот хөгжлөө гэхэд, хүн төрөлхтөн бид залхуу л болно ч гэдэг юм уу. Онгоц яагаад ингэж хөгжив??? Хамгийн хурдтай хөгжсөн шалтгаан яг үнэндээ дайны зориулалттай онгоцыг бүтээх явцын үр дагавар. Анагаах яагаад хөгжив? Бас л 2-р дайны үеийн олзны цэргүүд дээр хийсэн судалгаа гэгддэг. Удирдлагатай Drone онгоц, бас л бөмбөг хаях зориулалттай. Цөмийн цахилгаан станц, явж явж баахан бөмбөг л болсон. 

Миний хувьд зүгээр л байгальдаа хайртай, байгаль орчноо хамгаалсан, өөрийн хүүхдүүд, ач үрээрээ хүрээлүүлсэн өвгөн болоод л нас барахыг хүсдэг. Гэхдээ тодорхой хэмжээнд зөв талаас нь Монголыхоо залуусын толгойд зөв талаас нь бага зэрэг ч гэсэн юм хийчихээд талийх юмсан л гэж боддог. Нас барахдаа сайн аав, сайн хань, сайн хүү, сайн ах байлаа гэж бахдал дүүрэн бодож нүд аних юмсан гэж. Тэрний төлөө л амьдрах юмсан гэж зорьдог. Гэтэл хүмүүс бидний үүсгэсэн нийгэм, хүмүүсийг мөнгөний төлөө болгож, миний амьдралыг улам адармаатай болгочихоод байх юм даа. Заа даа, миний дэмийрэх ч яахав дээ... Та бүгдийн амьдрал бол та бүгдийн л амьдрал шүү дээ хө. Инженерээр сурч буй би ийм юм бодохоор заримдаа зүгээр л зугтмаар санагдах юм...
2014.12.02