Tuesday, July 1, 2014

Бэлэнчлэх сэтгэлгээ

Бэлэн юманд дургүй хүн гэж юу байхав. Ихэнхи хүмүүс бэлэн юм нь байж байвал амар гэж хариулна. Үйлчилгээний байгууллагууд ч гэсэн худалдан авагчиддаа үзүүлэх үйлчилгээндээ үүнийг тусган авч үздэг болов уу?

Гэвч энэ нь тэгээд зөв гэж үү? Үүний үр дагаварт юу гарч ирж байна? Тэр бол бэлэнчлэх сэтгэлгээ! Зүгээр шулуухан л бичээд явъя. Надаас хүмүүс юм асуух үе байдаг юм. Үндсэндээ 2 л төрлийн хүн. Нэг нь өөрийнхөө хэмжээнд судалж, бичиж, эрэл хайгуул хийсний эцэст юм асуудаг, а нөгөөх нь мэдээж өөрөө огтхон ч оролдоогүй байж намайг лавлах мэт болгон асуудаг. Би нээх айхтар мэдлэгтэйдээ ч биш, зүгээр л нэг тийм хариулчихаар, өмнөөс нь хийгээд өгчихөөр харагддаг юм шиг байгаан. Би хийж өгч болно л доо, хүнд туслах тал дээр угийн үгүй гэж чадахгүй. Гэвч, чиний төлөө гэсэн талаас нь үзвэл, ямар ч байсан чадах ядхаараа оролдсны үндсэн дээр хамтран судалж зүтгэвэл илүү амжилт олох юм болов уу?
За тэгээд анзаараад байхад, зөвхөн энэ зан чанарын ялгаанаас тухайн хүнийг тодорхойлж болоод байгаа юм. Эргэн тойрон янз бүрийн л хүмүүс байгаад, намайг хүчлээд ганц удаа гуйгаад юм хийлгэсэн хүн, хэсэгхэн хугацааны дараа нөгөө юмаа дахин гуйдаг. Одоо боль л доо тийм биз дээ. Гэтэл зарим нэгэн сайн нь болохоор, эхний удаа заалгаж аваад, дараа нь надаа зөвлөгөө өгөх хэмжээний болчихсон байж байх жишээний.
Ер нь урд чинь хаалт гарч ирнэ гэдэг маш том боломж шүү дээ. Тэр хаалтыг хэрхэн даван туулах тал дээр зовж шаналж, өөр бусад зүйлсийг судалж мэдэж байж даван туулна гэдэг хангалттай хэмжээний өсөлт гэж бодогддог юм. Учир нь та мэдэхгүй байгаа зүйлээ мэдэж байгаа хэрэг шүү дээ. Тэрхүү мэдэхгүй байгаа юмаа өөрөө хичээн байж, цагаа зарцуулан байж олж мэдэх нь өөрт чинь ч гэсэн амттай болов уу.
Нэн ялангуяа өнөө цагт интернет гэгч бичихэд л гараад ирдэг зүйл байна. Юу л бол юуны тухай олж мэдэж судалж болно. Өшөө дэлгэрэнгүй судлая гэвэл ном сонин гээд боломж бол асар их байна. За та гадаад хэлний бэрхшээлтэй байж болно. Гэхдээ одоо үед ямар нэгэн гадаад хэлгүй хүн бас л ховор шүү дээ. Тэгээд тэр үгээ тольдоод гарч ирсэн мэдээллээ дахин орчуулж барих арга бол бас байна.
Зүгээр л заримдаа мэдрэгддэг, бодогддог зүйлээ бичлээ.
Бид нар бэлэнчлэх сэтгэлгээг халахгүй л юм бол, үүрдийн хэрэглэгч гэсэн нэртэйгээр, юу ч бүтээхгүй л дуусах болно...
2014.07.01

No comments:

Post a Comment