Tuesday, October 28, 2014

Үндсэрхэг ба үндэсний үзлийн ялгааг тунгаахын учир

Өчигдөр орой би нэгэн кино үзлээ. Уншигч та бараг үзсэн ч байж магадгүй "Dawn of the Planet of the Apes" гээд. Уг кинон дээр хүн төрөлхтөн нэгэн вирусыг алдснаас болж хүн төрөлхтний ихэнхи нь үгүй болно. Гэвч хэсэг хүмүүс үлдсэн газар энергийн хомсдолд орж, хуучин ашиглаж байсан усан цахилгаан станцыг хайхаар явна. Гэтэл яг тэр газар нь хүний хэлээр ярьдаг мичин овог байх нь тэр. За даа би ер нь кино тайлбарлахдаа муу юм хаха.
Гол дүрүүд нь 2 мич ба сайн санаат хэсэг хүмүүс бөгөөд, нэг мич нь хүн төрөлхтнийг үнэн голоосоо үзэн яддаг. Нэг нь бол мичин овогтоо итгэдэг, хамгаалдаг овгийн ахлагч. Үзэн яддаг мичийн нэрийг Коба гэх ба, за даа шулуухан хэлэхэд Хятадууд, Солонгосуудыг үзэн яддаг манай Монголчууд шиг санагдав. 2 тэс өөр соёл иргэншил тул, нэг нэгнээ устгачихая гэсэн үзэл бодол хэн хэнд нь төрөх  нь ойлгомжтой. Уг киног үзэхэд хүн төрөлхтөн ба мичин овог биш 2 улс, тэр тусмаа манай Монголчууд санаанд орсон юм. 
Ямар ч үр үндэсгүй, эсвэл аль дээр үеийн өөрөө ч нүдээрээ хараагүй атаа хорслыг хий хоосон хөөрүү сэтгэл хөдлөл болгож өөр улс үндэстнийг үзэн ядах. 
За би доор хэдхэн жишээг бичье. Бүгд л ФБ дээр харсан.
1. Нэг Хятад хүн байшингаас унаад амь насаа алдчихсан байгаа зураг байсан. Гэвч доор нь энэрэнгүй сэтгэлтэй Монголчуудын сэтгэгдэл нь юу байсан гээч??? Болж, нэгээр ч гэсэн хорогдог, Хятад хүн хүн биш, Хохь нь гэх мэт!
2. Хэдэн Хятадууд манай төв талбай дээр бослого гаргасан. А би мэдээж хэрэг, төв талбай дээр бослого хийхэд бол үнэн голоосоо эсэргүүцнэ. Гэвч, доор нь бас бичсэн хэдэн сэтгэгдэл нь гэж айхтар. Цалин өгч яадаг юм! Цалингүй ажиллах хэрэгтэй! гэх мэт. Гүэ тэр хүмүүсийг ер нь ямар үндэстэн авчраад ажиллуулсан юм бэ? Анхнаасаа цалинг нь өгч чадахгүй бол яах гэж авчирдаг байна аа? Ер нь тэд нарыг бид нар өөрсдөө л оруулж ирээд байгаа шүү дээ. Яагаад оруулж ирүүлэхгүй талаасаа ард иргэд бид тэмцэх бус, орж ирсэн хойно нь зодлоо нүдлээ гээд огширцгоодог байна аа! Монголчууд бид өөрсдөө тэд нарыг авчраад байна шүү дээ, өдөр бүр өдөр бүр...
За гол хэлмээр байгаа зүйлээ одоо хэлье. Тэд ч бас хөөрхий хүмүүс шүү дээ. Тэд нар Хятад хүн болж төрөхөө сонгоогүй шүү дээ. Бид чинь өөрсдөө тэднээс илүү хүнлэг бус болчихоод байгаагаа мэдэж байна уу? Би зүгээр чихээрээ л сонсож байсан зүйл байдаг юм. Халх голын дайнд Малчин гэр бүл шархдсан Японыг гэртээ оруулаад асарч байсан гэж. Би лав итгэдэг. Тэр чинь л жинхэнэ нөгөө бидний хүнлэг сэтгэл биш гэж үү? Тэр Япон жишээ нь тухайн үед юуг бодож ойлгож авсан бол??? Хүн хүндээ хайртай байх, хүнлэг байна гэдэг ер нь тэр улс үндэстний ялгаа ямар хамаа байна аа?
За тэгээд л над шиг ийм хүн бас байна гэвэл байна, гэвч бүгдээрээ дайраад Хятадын эрлийз, хурлийз болгочихно аягүй хэцүү. Хөөрхий одоо байтлаа Монгол хүн Монгол хүнээ хүртэл Хятадын шээс баас гэж дуудаад алах нь л дээ. 
Тэгж ярьж байгаа хүмүүс, би ч гэсэн, Хятадад илүү дуртай гэсэн үг огт биш шүү дээ. Харин ч Монголдоо хайртай, Монголоороо бахархдаг гэж би боддог. Монгол гээд худлаа цээжээ дэлддэг зангаа л больцгооё гэж уриалмаар, бүр тийм болгомоор байдаг. Монгол хүний нинжин сэтгэл залуучууд биднээр үгүй болж байгаа шүү та минь. 
Эцэст нь хэлэхэд дэлхий дээр зөвхөн бид оршин амьдардаггүй. Бид Монгол орноо Монголоор нь хадгалж үлдье гэвэл, өөрсдөө дотроо байр суурь, нэгдсэн зөв үзэл бодолтой л болох хэрэгтэй. Зөвхөн Монгол гээд хэт үндсэрхээд байх бус, улс эх орноо Америк шиг олон үндэстэн болгохгүйн тулд, аливаа орны клон улс болгохгүйн тулд бид үндэсний цэвэр үзэлтэй, хүнлэг энэрэнгүй ард түмэн л болох хэрэгтэй...
Залуучууд минь дээ жаахан ухаантайхан шиг тунгааж үзээч...

2014.10.28

Thursday, October 2, 2014

Аль нь зөв зам бэ?

Би өөртөө тулгарч байгаа нэгэн асуудлаараа нэгэн сэдвийг хөндөх гэсэн юм. Би энэ жилийн хавар их сургуулиа төгсөн, үргэлжлүүлээд магистртаа орсон байгаа. Хамгийн эхний асуулт? Яагаад магистрт орсон бэ?
Мммм, мэдэхгүй юм даа. Механик инженер гэж мэргэжлээр төгссөн ч, би үнэндээ юу ч мэдэхгүй мэт санагдаж байсан. Өөрөөр хэлбэл Японд төгссөн гэж өөрийгөө гаднаас нь харахад маш түүхий мэдлэгтэй байсан. Тэгээд л би тэрнээс нь айгаад ч гэх юм уу, мөн амьдралд ч бэлэн биш гэдгээ мэдэрч эмээснээр үргэлэлжлүүлэх замыг сонгосон. Тухайн үед, төгсөөд яах вэ? гэдэг асуултанд би маш амархнаар урдаа гарч ирсэн боломжийг (магистр) ашиглаад л хариулчихсан.
Гэтэл одоо жил хагасын дараа магистраа төгсөөд яах уу? гэдэг бүр том асуулт гарч ирнэ. 
Докторт үргэлжлүүлэх үү?
Миний хувьд хэзээ ч үгүй!!! Уучлаарай, гэхдээ хэзээ ч энд яг үргэлжлүүлж сурахгүй. Бүр хэдэн жилийн дараа бол өөр хэрэг гэхээс. 
Яагаад? Учир нь энд яг л ажил хийдэг юм шиг л суудаг. Заримдаа туршилтын үеэр, өглөөнөөс шөнө болтол сууна. Тэгээд зөвхөн өөрийхөө юмнаас гадна хүнд юм хийхэд нь тусална. Өөрөөр хэлбэл бүх зүйлийг чи өөрөө сэтгэж, өөрөө хайна. Тэрэнд зарцуулах цаг хэтэрхий их учраас, таны чөлөөт цаг үгүй болно. Тэгээд ирэхээрээ, яг л Японы зожиг ертөнцөд нэвтэрч байгаа мэт санагдана. Нэг үгээр хэлбэл, хүн гэдэг утгаа алдсан амьдралаар амьдарна гэсэн үг. 
Тэгэхээр надад 2хон зам л үлдэж байгаа юм. Би одоо л гол зүйлдээ орох гэж байна. 
Тэр нь Японд ажилд орох эсвэл эх орондоо харих гэсэн 2 зам. 

Энэ асуудлаар олон олон Монгол залуус боддог гэж бодож байна. 
Тэгэхээр тус тусых нь тухай би өөрийхөө үзэл бодлыг бичье гэж бодсон юм. 

1. Японд ажиллах
Ихэнх Монгол залуусын сонгодог зам? гээд хэлчихэд буруутахгүй болов уу?
Аргагүй өөрийн career гэдэг талаасаа маш зөв зам. Яагаад гэвэл техник технологи талаасаа ч тэр, эдийн засаг талаасаа ч тэр ер нь юм юмаараа Ази байтугай дэлхийд алдартай улс. Сурах зүйл асар их бөгөөд, жинхэнэ утгаараа ажлыг хийж сурна. Мөн нарийн мэргэжилдээ ч сайн болно. А мэдээж хэрэг цалин бол маш сайн. Юун Монгол, зүгээр л ажлаа хийгээл амьдраад явахад мөнгө нь бараг цуглаад байна. Ажлын арга барил зэрэг талаасаа ч бас мэдээж суралцана. Мөн өндөр хөгжилтэй оронд байгаа тул гоё тансаг амьдарч болно. Гэхдээ яагаад ч юм, үүнээс өөр сайн тал надаа төдийлөн ажиглагддаггүй юм.

За тэгвэл,
2. Монголдоо харьж ажиллах
Шулуухан л бичье, уншиж байгаа та юун хүүхэд шиг юм ч гэж бодож магадгүй. Миний хувьд өөрийн сэтгэл дотроо жаргалтай амьдрах юм шиг. Би зөвхөн Монголдоо биш, ард түмнээ гадаадад хэсэг гарч, юм үзэж улс эх орноо харьцуулаасай гэж хүсдэг. Гэхдээ тэндээ удалгүйгээр эх орондоо юм хийгээсэй гэж хүсдэг. Хамгийн чухал нэг юм нь хэн байснаа битгий мартаасай л гэж хэлмээр санагддаг.
Яг надаа бол тэр career, тэр мөнгө, тэр мундаг технологи сурах хүсэл төдийлөн байдаггүй. А гэхдээ бас хамаагүй ингэж хэлж болохгүй. Би өөрөө биеэ даагаад мундаг болсон хойноо, улс эх орноо дээшээ татах хэмжээний болох хэрэгтэй нь мэдээж. Бас нэг айдаг юм нь, Монголд өдөр бүр л мөнгө мөнгө гэсэн улс байдаг. Би энд тэр тал дээр нээх санаа зовдоггүй гар, харьж очсноо гуйлгачин болчих вий ч гэдэг юм уу. Аав, ээжээсээ эдийн засгийн хараат бус, аав ээжээ тэжээдэг хэмжээний л болмоор байдаг юм. Тэгэнгүүт л эргээд нөгөө мөнгө. Гайгүй ажилд орлоо гэхэд л цалин нь хүрдэггүй нийгэм гээд байдаг.

Яг тэгээд дахиад бодонгуут, Японд ажилласан нь илүү тэр тал дээр санаа зовохгүй мэт. Бас илүү юм ч сурах мэт. Ай даа мэдэхгүй юм даа.
Зүгээр л цалингаараа амьдраад хүрдэг, аз жаргалтай л нийгэмтэй болох юмсан. Надаа тэр том барилга, гоё машин, тансаг хэрэглээ бол сонирхол алга. Гэр бүлтэйгээ ойр, улс эх орондоо аятайхан юм хийдэг, хүмүүсийг хайрлаж хүмүүст хайрлагдсан, аз жаргалтай л амьдрах юмсан. Энэ ирээдүйг ямар тааж мэдэх биш дээ. Гэхдээ инээмсэглэлээ алдахгүй л яваад байна даа ямар ч байсан...


Уншигч та бас бодож байгаа зүйлсээ надаа хайрлавал талархах болно.

2014.10.02