Friday, May 23, 2014

Тэнгэрээс юу ч унаж ирэхгүй


Энэхүү нийтлэлдээ зүгээр суух дуртай хүмүүсийг жаахан муулах талаар бичье гэж бодлоо. Өөрөө нээх мундаг хийж бүтээсэн зүйлгүй ч гэсэн, өчигдөр нэг мэдээ үзээд, бүр гутарлаа гэхэд болно. 
Юуны тухай мэдээ вэ гэхлээр, 7 буудлын эцэст иргэд нохойн хоолоор амь зууж байгаа тухай. Яахав том хэмжээгээр нь харвал, улс орон маань хөгжих болоогүйг, мөн төр засгийн буруу гэдэг нь буруу л даа. Гэхдээ иргэдийн өгсөн ярилцлагыг сонсоод нэг юм бодсон юм. Иргэд юу гэж ярьсан бэ гэвэл, бид бүгд ийм ядуу байгаа нь төр засгийн буруу гэсэн утгатай зүйл ярьсан юм. Гэтэл яг үнэн үү???
Өөрсдөө яагаад тийм байдалд орсноо бүр эхнээс нь бодож үзэх хэрэгтэй мэт. Санаа зөв бол заяа зөв гэдэг шүү дээ. Үүнд нийгмийн буруу үнэхээр байгаа л даа. Мөн багаасаа олж авсан хүмүүжил, боловсролын ялгаа ч бий. Гэхдээ юуны төлөө амьдарч байгаагаа бүр мартсан мэт.
Ер нь зөвхөн манай орон ч биш, бусад оронд хүмүүс мөнгөний төлөө л гүйгээд байгаа мэт. Гэж хэлэхээр, хүмүүс намайг тэгээд яахын гэж шүүмжлэх л байх. Гэвч сайн бод, сайн бод, та аз жаргалаа буруу газраас эрээгүй биз? Төөрч будилсаар нэг л мэдэхэд өнөөдрийн хоолноос өөр зүйл бодогдохоо байж, амьдрах үнэ цэнийг ч мэдрэхээ байсан юм биш биз?
Би ч гэсэн Монгол нэгэн залуу, улсынхаа ирээдүйн төлөө нэн ядуу гэгддэг иргэдээ яавал дээш нь татах вэ гэж үргэлж боддог. Маш олон ч зүйл бодсон. Ганц л зүйл үүнд саад болж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн ба тэр нь үзэл бодол нь юм болов уу. 
За за мэдэхгүй юм, төрийн төлөө оготно боож үхнэ гэж үг байдаг. Гэхдээ л боож үхэх хүртлээ санаа тавихгүй бол энэ улс орон чинь болохгүй байна шүү дээ. Тэр 76д одоо итгэхээ больцгоо л доо. Тэд нар танай гэрт хоол авчирч, хоол ав гэж мөнгө өгөхгүй шүү дээ. Жаахан өөрсдийгөө болгох тал дээр асуудлаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй мэт. Миний амьдрал болохгүй байна гэж бусад хүнээс алдаа эрэхээ болих хэрэгтэй.
Энэ нийтлэлээ ингээд дуусгая дөө. Зүгээр л маш хэцүү сэдэв. Ирээдүйд ажлын байр бий болгож, амьдрах урамтай, аз жаргалтай иргэдийг олон төрүүлэх юмсан даа.
2014.05.23

Monday, May 19, 2014

Итгэлцэл

Өмнөх нэгэн бичвэртээ би аз жаргалын тухай, сэтгэл хангалуун амьдрахад аз жаргал хамгийн чухал тухай бичсэн билээ. Энэ удаад, хүн хоорондын харилцаа ба түүний холбоос болох итгэлцэл буюу итгэлийн тухай бичихээр шийдлээ. 
Та энэ хүнийг л хайрлана гээд хайртай болчихгүй, мөн энэ хүнтэй л найз болно гээд найз болдоггүй шүү дээ. Найз гэдэг ер нь яг л чамтай тохирсон хүмүүс л байдаг гэж би боддог. Заавал ч үгүй адилхан байх албагүй. Харин ч бага зэрэг өөр байх нь элбэг мэт. Жишээ нь миний хувьд гэхэд, бүр хар багаасаа анд нөхөр болсон найзууд ч байна, нэг жил ч болоогүй сайн найзууд байна. Тэр дундаа гадаад найзууд, дотроо үргэлж найзаа гэж боддог олон төрлийн гадаад найзууд байна. Гэхдээ бүгдэнд нь нэг л нийтлэл шинж байдаг. Би тэдэнд бүгдэд нь итгэдэг итгэл байдаг бөгөөд тэд ч бас надад итгэдэг итгэл байж, бидний дунд итгэлцэл гэгч зүйл оршдогт байдаг юм болов уу. Үнэндээ бол заримдаа нэг нэгнийхээ итгэлийг алдах үе ч байна. Учир нь найзаасаа их юм хүлээх ч юм уу, найдсан үед нь итгэлийг нь алдах гэх мэт. Гэхдээ бүр томоор нь авч үзвэл, эргээд уучилж чаддаг, ойлгож чаддаг итэлцэл гэдэг хамгийн хүчтэй нь байгаа юм. 
За тэгэхээр итгэлцэл гэж ер нь юу юм бэ? Таны хамгийн их итгэдэг хүн хэн бэ? Миний хувьд, би итгэдэг хүнээсээ юм их гуйдаг санагддаг. Өөрөөр хэлбэл нэг нэгэндээ тус болсны үндсэн дээр итгэлцэл бий болдог юм болов уу? Гэхдээ жинхэнэ сэтгэлээс гарсан тус бөгөөд, туслуулсан нь тэрхүү сэтгэлийг нь чин сэтгэлээсээ мэдэрсэн байх ч юм уу. 
Манай аав надад хэлж байсан юм. Жинхэнэ найз гэдэг амжилттай явж байх үед бус зовж зүдрэх үед чинь танигддаг гэж. Өөрөөр хэлбэл, хамтдаа хөгжилтэй цагыг өнгөрөөж, хамт инээлдэж явсан найзын чинь үнэн чанар нь зовох үед чинь танигдана гэж. 
Жинхэнэ найз бол гэрт чинь орж ирээд чамаас асуулгүй хөргөгчнөөс чинь ундаа задлаад уухыг хэлнэ гэж. Чамайг уурласан ч, за битгий сүржигнэ гэж хэлэх тийм хүнийг хэлэх болов уу?
Тэрхүү харилцааны хамгийн үндсэн жижиг хэмжүүр нь итгэлцэл гэж хэлэх байх...
2014.5.19


Friday, May 9, 2014

Амьдрал юун дээр тогтдог вэ?

Дөнгөж 22 настай амьдрал үзээгүй миний бие насандаа ахадсан айхтар нэгэн сэдвээр бичихээр шийдээд байж байна. Та ер нь юуны төлөө амьдардаг вэ? Өглөө босоод юу бодож, орой унтахдаа юуг дүгнэж, эргэцүүлж унтдаг вэ?

Эхлээд жаахан оршил болгож, Монгол орныхоо харамсмаар хэдэн зүйлээс авч үзье. Бүх хүн биш ч гэсэн, бараг ихэнхи нь гээд хэлж болох болов уу. Юу вэ гэвэл, нэг нэгнээ хуурсан, анд нөхрөө чадсан, молигдсон улсууд хаа сайгүй. Онгоцноос буухад, таксины жолооч нар гадаад иргэдээс илүү мөнгө авах, Ганданд очиход ч гадаад иргэдээс их мөнгө авах, за бүр нэг нэгнийхээ халаасыг ухах, нэг нэгнээ дээрэмдэх гээд зүйлс хаа сайгүй. 
Тэгвэл энэ бүгдийн гол шалтгаан нь юу гэж?
Нөгөө л магадгүй таны ч хүсэж байгаа МӨНГӨ! юм шиг байгаа юм. Магадгүй дэлхийн хүн бүрийн хүсдэг зүйл бол ердөө л энэ. Амьдрал мөнгөн дээр тогтдог. Гэвч үнэхээр тийм гэж үү?
Би энд өөрийхөө нэгэн мөрөөдлийг бичихээр шийдэв. Би түүх соёлоо сайн мэддэг хүн бас биш, хотод өссөн ажил хийж сураагүй энгийн нэгэн цагаан гартай, зарим талаараа ёс мэдэхгүй Монголоо алдсан Монгол мэт. Гэхдээ яагаад ч юм, өөрийхөө мэддэг эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг. Монголчуудад нэгэн цайлган, цагаан сэтгэл байдаг гэдгийг би мэддэг. Тэгээд мөрөөдлөө бичье л дээ. 
Монгол орноо хамгийн аз жаргалтай орон болгох нь миний нэгэн мөрөөдөл юм даа. Амархнаар хэлбэл бүх хүнийг ХҮН шиг ХҮН болоосой, тийм хүмүүсийг бий болгох юмсан гэж байнга боддог. Жишээлбэл, гар утсаа алга болгох үед олсон хүн нь эзэнд нь өгдөг, өгчихөөд мөнгө биш баярлалаа гэдэг үг болон инээмсэглэлээр шагнагддаг, мөн автобусны кондуктар аятайхан харьцдаг, яахав дээ зарим хүмүүс мөнгөгүй л байгаа биз, тэднийг нийгэм нь өөрсдөө хаячихаад байна шүү дээ, нэг тийм л сайхан сэтгэлийн уурхай болсон улсыг бүтээх юмсан. 
Энэ бүгдийн хамгийн гол буруутан нь ерөөсөө л мөнгөнд хэт шунахайрсных байгаа юм. Аргагүй, таныг мөнгө олж ирэхгүй бол таны хүүхдүүдийн идэх хоолноос эхлээд гачигдал үүсдэг. Гэхдээ хүн болгон барааныхаа үнийг тэнгэрт хадуулаад, хүн болгон хүнээ мөлжөөд байна шүү дээ. Сайн бод, та нэг сая төгрөг оллоо гэж бодъё. Та яг юу хийх вэ? Магадгүй та үхтлээ баярлана, гэвч та сэтгэл хангалуун байж чадах уу??? Та дахиад л зүгээр олохыг хүснэ. Яагаад гэвэл энэ нь нэгдүгээрт таны дулсуулсан хөлснөөс бус амархан аргаар олдсон, хоёрдугаарт та тэр мөнгөө аль хэдийн үрээд дуусгачихсан. Гэхдээ энэ мөнгө танд амттай санагдах уу? Мөнгө бол тодорхой хэмжээнд зовж байж олохгүй бол хүнийг эвддэг мэт. Хүнийг хөгийн амьтан болгодог мэт. Миний хамгийн их харамсдаг зүйл бол ердөө л энэ. Монголчуудыг маань хагаралдуулж байгаа зүйл бол тэр Хятад орон биш ээ, Оюу-Толгой ч биш. Тэр 76 гишүүн ч биш. Та бидний (76 гишүүн ч тэр) тархинд суулгагдсан тэр үнэлэмжинд л байгаад байна шүү дээ. Бид өөрсдөө дотроо бутарцгааж, сүйрүүлж байна.
Бид мөнгө л авч байвал хүн ч алахад бэлэн байна. Энэ бол жинхэнэ сүйрэл. Бид зүгээр л мөнгөний боолууд болцгоож байна. Бид чинь уг нь тун цөөхүүлээ, тэнцүүхэн хуваагаад амьдарвал энэ дэлхийн хамгийн баян, аз жаргалтай орон болохоор юм.
Хэрвээ та их хурлын гишүүн болбол яах вэ? Та хамгийн түрүүнд баян болохыг л хүсэх байсан биз. Яагаад цэвэр цалингаараа, бусад иргэд шиг амьдарч болохгүй гэж? Би лав байсан бол тийм л хүн болох байсан. Гэж хэлээд би эрдэм мэдлэг, чадвараараа хамаагүй дутна л даа. 
Тэгэхээр амьдрал зүгээр л аз жаргал дээр тогтож байгааг та бүхэн ойлгоосой. Харин таны аз жаргал юу ч байж болно. Хайр дурлал, гэр бүл, үр хүүхэд, таны хийх дуртай зүйлс. Таны үр хүүхэд таныг мөнгө өгөхөд баярлах уу, эсвэл хамт инээлдээд тоглоход баярлах уу? Тэр гоё утас, гоё машин, тансаг хэрэглээ тийм чухал уу? Та нетгүй байж iPhone хэрэглэж яах юм бэ! Хэрэглэх түвшиндээ тааруулж алхацгаая гэж залуучууддаа сануулмаар байна. Ганц шөнө нойргүй хонохыг ч тэвчдэггүй сул дорой байж!
Залуучуудаа бидний эрин үе ирсэн шүү. Гэвч бид эх орноо авч явахад дэндүү түүхий, дэндүү сул дорой, дэндүү хазайсан мөрөөдөл зорилготой байна. Одооноос өөрийхөө 5,10 жилийн дараах зорилгоо тодорхойлох цаг болсон. Маргаашийн уух гэж байгаа архины мөнгөнөөс чинь хэд дахин чухал!!!
2014.5.9