Thursday, May 5, 2016

Тоо? эсвэл Чанар?

Хүмүүсийг би яагаад ч юм 2 нүдээр харчихаад байх юм. Өөрийхөө хүчийг мэдэж илүүг хийдэггүй хүн, нөгөөх нь өөрийгөө гололгүй илүүг хийе гэж мэрийдэг хүн. 

Анзаараад байхад энэ 2 хүнд аль алинд нь сайн муу чанар байна аа. 
Өөрийхөө хүчийг сайн мэддэг, илүүг хийдэггүй хүн бол унтах цагтаа унтаад, багшийн өгсөн болон хийх ёстой юмаа яг сайн төлөвлөөд хийгээд явдаг. Харин төлөвлөгөөнд өөрчлөлт орвол, зөвхөн өөрийхөө хийх юмаа л хийдэг, өөрөөсөө илүүг давж хийдэггүй сул талтай. Муухайгаар хэлбэл, тэд зөвхөн өөрт ашигтай үед л хөдөлдөг. Магадгүй энэ нь ч зөв байх л даа. Өөрт ашиггүй юмны төлөө цагаа үрээд ч яах билээ дээ тийм ээ. Амжилтыг тоогоор хэмжвэл тэд амархан оноо их цуглуулдаг.

Гэхдээ, надад бол илүүг хийе гэдэг хүн таалагддаг. Таалагддаг ч гэж, тийм хүмүүс миний эргэн тойронд байгаасай гэж хүсдэг. Магадгүй, яг сайн төлөвлөгөөний дагуу байж, өөрт ашигтай үед хөдөлж, илүү хялбар аргаар амжилтад хүрдэггүй байж магадгүй. Гэхдээ тэд хамгийн чанартай хүмүүс байдаг. Ялангуяа залуу хүмүүс бид яагаад хэн нэгэнд сайхан харагдах гэж, олны дунд од болох гэж, өөрийгөө зөвхөн гаднаас нь харж байх хэрэгтэй гэж? Бид өөрсдийгөө дотроос нь харж, олон тоо гэхээс илүү чанартай харилцаа, чанартай зүйл л хийх хэрэгтэй мэт санагддаг юм. Магадгүй дүн нь сайн биш байна байх, магадгүй найз нөхөд цөөтэй байна байх, магадгүй ядуу ч байгаа байх. Гэхдээ тэд яг хэрэгтэй үед ном харсан нөхдөөс илүү байж, цөөн хэдэн найздаа бол алт шиг байж өөрөө ч найз гэгч зүйлээр дутагдалгүй байж, илүү аз жаргалтай (олон жилийн дараа ойлгох байсан ч) байна болов уу?

Миний хувьд найзыг, хүнийг 2 төрлөөр бол хуваачихаад л байгаа юм. Эхний хүнтэй бол би хамт байхаас жийрхийдэг. Тэртээ тэрэнгүй ямар нэг юм болоход тэд намайг мэдээгүй мэт л өнгөрнө. Би бол мэдээж муу саналгүй туслах л байх. Харин хоёрдох хүнтэй бол би тийм их уулзаж учраад хөгжилдөөд байхгүй ч, ямар ч үед түүнийг л гэнэ. Ер нь тэгээд хамт инээлдсэн хүнээ бус хамт зовсон хүндээ л итгэх хэрэгтэй гэж боддог юм.  
2016.5.5