Saturday, August 29, 2015

Шинэ зорилго нэмэгдсээр, шинэ мөрөөдөл гарч ирсээр

Яг одоо Шинкансэн (суман галт тэрэг)-д суугаад явж байна. Хурдны замаар автобус 9 орчим цаг явдаг газар, 3 цаг гаруй л явна. Энэ Японы инженерчлэл агуу биш гэж үү? Цонхоор ширтэн яваа би гайхаж бишрээд л явж байна. Хүнийг ая тухтай байлгах гэж, нийгмийг улам хялбар болгох гэж инженерчид ийм гайхалтай зүйлийг бүтээж байна. Тэгсэн хирнээ л ханахгүй улам цаадхыг нь зорьцгоож байна. Шинкансэн үйлдвэрлэдэг нь Японы Kawasaki Heavy Industries KHI гээд компани. Би уг газар материалаа өгсөн ч сонголтгүй унасан билээ.
Би яг одоо ирээдүйнхээ талаар эргэцүүлээд л сууж байлаа. Тэгээд гэнэт юм бичмээр санагдсан хэрэг. Ирэх 4 сараас Японы IshikawajimaHarima Heavy Industries IHI гээд компанид ажиллахаар болсон. Мэдээж хэрэг маш их баяртай байгаа. Миний хувьд хариугаа сонсоод бараг л уйлсан билээ. Би агаарт нисэж байлаа. Энэ нь KHI-аас огт дутахгүй асар мундаг газар.
Гэвч би юуг тунгааж явна вэ гэхээр, одоо үүнээс хойш хийх юм улам ихсэж, улам хичээх болж байгаагаа, хэрхэн зүтгэх вэ гэдэг тал дээр сэтгэл зүй талаасаа аль хэдийн эргэцүүлээд явж байна л даа. Би нэг юмыг сайн мэднэ. Би IHI-д ажиллах чадвартай юу? Гэвэл хариулт маань 4 үсэгтэй үгүй гэдэг ганц үгээр хариулна. Гэвч, ажиллах чадвартай болмоор байна уу? Гэвэл адилхан 4 үсэгтэй ч огт өөр утгатай тийм гэж хариулна. Яг миний хажууд суух, хамт шинээр орж буй оюутнуудын хажууд би мэдлэгээрээ бол хол хоцрох байх гэж бодож л байна. Гэхдээ хэр үнэнч, хэр өсөлттэй, хэр өөрийхөөрөө гэдэг тал дээр хэмжээндээ хичээгээд үзэх л санаа байна.
Яг үнэндээ, би бүх л төрлийн инженер болохыг хүсэж байна. Онгоц, цахилгаан станц, галт тэрэг, машин, мотор, мотоцикл гээд. Гэтэл Өгөөмөр гэдэг хүн ганц л юм даа. Ганц нэгхэн зүйл дээр л би төвлөрч чадвартай болно шүү дээ. Тэрнээс бусдыг нь бол сонирхох түвшинд сонирхож л чадна. Би нэг муу Японы мужид байдаг Akita University гэж улсын сургуульд сурдаг л гар л даа. Би MIT ч юм уу, Tokyo University ч юм уу, тийм мундаг газар сурч буй гар биш. Тэднийг мэдлэг чадвараараа гүйцэхгүй ч биз. Нэг л зүйлээр би гүйцэж чадна. Тэр нь хүсэл эрмэлзлээрээ.
Хүсэл эрмэлзлийг хэмжинэ ч гэж юу байхав. Гэхдээ хүн өөртөө хэр хүсэл эрмэлзэлтэй байна, тэрэндээ л чанагдаж явдаг гэж боддог юм. Би юм сурах бол, амархан замаас илүү хүнд замыг илүүд үзнэ. Чи зүгээр суу, би чамд зүгээр мөнгө өгье гэвэл би лав хүлээн авахгүй. Харин юм хийгээд юм олж долоох бол, надаа юу ч битгий өг, зүгээр л надаар хийлгэ гэж гуйна.
Ер нь тэгээд нэг зүйлийг би сайн ойлгодог болсон. Зорих л юм бол бүтэхгүй зүйл гэж үгүй. Магадгүй цаг хугацаа шаардах байх. Гэхдээ тэр цаг хугацаа нь чамайг л тэжээж өгч байгаа сургууль болдог. Чамайг өшөө хөгжүүлэх гэж л тэр хугацаа хүлээлгэж байгаа. Тиймээс хялбар замаар битгий зүтгээсэй л гэж би хүмүүст ойлгуулахыг боддог юм. Юм удаан байх тусмаа амттай шүү дээ. Тиймээс хэзээ ч шантрахгүй зүтгээд л байхыг хичээх нь зөв мэт.
Эргээд яриандаа ороход, Японы хөгжил дандаа амжилттай байсан уу? Шинкансэнийг санаандгүй л бүтээчихсэн хэрэг үү? Анх яасан ч бүтэхгүй мэт байсан зүйл одоо биеллээ олчихсон байгаа биз? Техник технологийн бүхий л хөгжил тийм шүү дээ. Бид нар хэдхэн жилийн өмнө дэлгэц нь мэдэрдэг утас гэж төсөөлж ч байгаагүй биз тийм үү? Тэгвэл энэ бүгдийн ард, асар олон тус тусын жижиг жижигхээн хөгжлийг зорилгоо болгож хичээж ирсэн инженерчдийн ач тийм биз? Юм гэдэг яг л ийм олон жижиг бэрхшээл, олон бүтэлгүйтэл, олон боломжгүйг бага багаар тууштай байдлаар шийдэж ирсний дүнд л бүтдэг юм. Бүтэлгүйтэл нь өөрөө дараагийн амжилтыг дагуулдаг алгоризмын л нэгэн үйлдэл. Тиймээс би ч гэсэн цаашдаа чадах чинээгээрээ л бүтэлгүйтмээр байна. Тэгж байж л би улам мундаг болно. Энийг хэрвээ та уншиж буй бол, та ямар нэгэн юмыг бүтэхгүй хэмээн харж байгаа бол, зүгээр л оролдоод үз гэж л хэлмээр байна. Зүгээр суух бус хөдлөөд л үз. Та юуг ч бүтээж чадна. Хүмүүс ээ, одоо зүгээр суух цаг биш ээ. Бүгдээрээ хөдөлцгөөе...

2015.08.28