Monday, April 21, 2014

Оршилд өгүүлэхүй

За тэгэхээр яг одооноос энэхүү блогийг эхлүүлэн эхний нийтлэлээ бичиж сууна. Яагаад бичих болсон бэ гэвэл, smasjp.com гээд вебхуудсанд шинжлэх ухаан, инженерийн тухай нийтлэл бичдэг болсонтой холбоотой болов уу. Ер нь бичих дуртай болж эхэлж байх шиг байна. Цаашдаа их юм мэдээд ном ч бичиж магад шүү дээ :D. 

Яагаад залуу хүний задгай үзэл гэсэн нэртэй блог вэ гэж. Залуу байгаа дээрээ чөлөөтэй сэтгэж, том мөрөөдөж, амьдрал үзэх ёстой гэж би боддог юм. Миний аав ээж, эмээ өвөө гээд надаас ахмад хүмүүс надаас хэд дахин их амьдрал үзсэн, амьдралыг харах өнцөг илүү өндөр түвшин гэж би хүлээн зөвшөөрөх ч, амьдралд хэт хашир суучихсан, юманд зүгээр л үнэлгээ өгдөг болохоос өөрсдөө хөдлөх тал дээр дутагдалтай санагддаг. Харин над мэтийн залуу хүн алдана гэдэг зүйлээс айхгүй зүтгэдэг талаараа илүү юм болов уу. Нэгэн залруулга нэмэхэд, энэхүү залуу гэдэг нь нас биш сэтгэлгээний хэмжүүр юм шүү. Нас хэдий явсан ч залуу сэтгэлгээтэй хүн олон бий шүү дээ. Өөрсдийгөө хөгшин гэж голж болохгүй шүү ахмадууд минь ээ. 

Өөрийгөө товчхон танилцуулахад, 22 настай, за тэр яахав, Японы Акита хэмээх нэгэн хөдөө маягын хотод сурдаг. Одоо 5дах жилдээ ороод явж байна даа. Мэргэжил гэвэл механик инженер, багадаа үзэг шугам нийлүүлээл онгоц гэж тоглохоос эхлээд, онгоц гэгч зүйлд хөтлөгдсөөр энэхүү мэргэжлийг сонгох гэж улайрсан билээ. Монголд бол МУИСт байдаггүй мэргэжил аягүй сонин. За тэр яахав, юу сурах тийм ч чухал биш шүү дээ. Хамгийн гол нь гадаад оронд бие дааж, гэрээс хол суралцсан гэдэгтээ л үргэлж баярлаж явдаг юм.
Монголын маань залуус гадаадад л гарч байвал болох гээд, гадаадад сурдаг гэхээр л мундаг мэт ойлгогддог. Манай их сургуулиуд, багш нар тийм муу гэж үү? би бол үгүй гэж боддог. Гадаадад сурсны хамгийн том давуу тал бол, эх орноо гадны оронтой харьцуулж, эх орноо гаднаас нь харах явдал гэж би боддог. Би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж томрохдоо биш, бодит байдлыг өөрийн нүдээр харж чаддаг юм болов уу...Яг үнэндээ түүхийг нь уншиж ч үзээгүй байж шүү дээ. Энэ бол миний нэгэн харамсаж явдаг зүйл юм даа.
Монголд маань сүүлийн үед зөв бодолтой ХҮН залуус олширч эхэлсэн гэж би гэхдээ боддог юм шүү. ХҮН гэж томоор бичдэг нь учиртай шүү, та бараг утгыг нь ойлгож буй биз. Хүний чанар яваандаа л танигддаг юм, тийм ч их хугацаа шаардагдахгүй. Миний нэгэн мөрөөдөл бол, Монгол залуусаа ХҮН л болгох явдал юм даа. Би тэрнээс өндөр барилга, гоё машин, баян тансаг амьдрал пфффф, тэрүүгээр яах вэ дээ. Яагаад хогоо хаяад, дахиал нөгөө хог, нэг нэгнээ хуураад, хоорондоо хэрэлдээд, нэгнийгээ дээрэлхээд, нэгнийгээ дээрээс нь дараад байдаг юм бэ! Яг үнэндээ тийм хүнийг хараад бүр цохиод авмаар ч санагддаг шүү, дараа нь өөрөө балбуулах л байх, гэхдээ энэ уг чанар нь миний бодлоор хүмүүжил гэгч зүйлээс эхэлдэг юм болов уу. Би зун болгон харисаар ирсэн л дээ, тэгээд тэр үедээ хуучин найзуудтайгаа их уулзах дуртай. Ихэнхи нь ХҮН байдагт би баярладаг, гэхдээ хуучин найзууд гэх мэт зарим нэгийг эс тооцвол. Өөрөө том амжилт үзүүлж юу ч хийж бүтээгээгүй атал, асар том босс. А эсвэл одоо байгаа амьдрал нь яг л тамын тогоо мэт юм шиг ярьдаг. Тийм ч завгүй, ийм ч завгүй. Завгүй гэдэг үг бол дургүй байна, сонирхол алга гэсэн үг гэж би ойлгодог. Дөнгөж 20 нас гарчихаад өдөрт хэдхэн цаг ажиллаад өндөр цалин авч, үлдсэн цагаа зугаацаж өнгөрөөх хүсэлтэнгүүд. А бас маш амархан аргаар мөнгө олох хүсэлтэй. Харин ХҮН бол мөнгөний төлөө ажилладаггүй юм болов уу. Япон дарга нар өөрсдөө хамгийн их ажилладаг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл ажлын зовлонг ойлгодог. Харин Монгол дарга нар бол гоё хувцас өмсөж ирээд загнадаг. Энэ миний харсан хамгийн том ялгаа. Энэ бүгд миний бодлоор гэр бүлийн хүмүүжлээс үүдэлтэй юм болов уу. Би энэ хорвоод өөрийн аав ээжийнхээ дундаас төрж, хүмүүжсэндээ үргэлж баярладаг. Хүний найзууд яг өөр шиг нь үзэл бодолтой байдаг гэдэг, яагаад ч юм аав ээжийн найзууд, миний эргэн тойрон найзууд үнэхээр зөв бодолтой хүмүүс байдаг гэдгийг энд дурьдах нь зүйтэй болов уу. 

Тэгэхээр Монголын маань ирээдүй Оюу Толгой биш ээ, оюутны 70 ч биш ээ, ичээрэй тэтгэврийн оюутнууд аа!, гоё машин, утас биш ээ, мөнгө биш ээ гэж л хэлмээр байгаа юм. Бид бүгдээрээ зөв бодолтой ХҮН байсан бол нэг нэгэндээ атаархаж, нэг нэгнээ мөлжилгүй бүгдээрээ хамтдаа аз жаргалтай байх болов уу. Хүүхдийнхээ гарт байгаа хогыг өөрөө кармалж ч биш, өөрийх нь карманд ч биш, наадхаа газар хая гэж зааж өгч, өөр шигээ ХҮН биш хүн болгож хүмүүжүүлж байгаа та Монгол орны төлөө нүгэл мэт зүйл үйлдэж байгаа гэсэн үг юм шүү. Тийм байж Чингис гэж цээжээ дэлдэж том зүйл ярих ичгэвэртэй биш гэж үү?...