Monday, May 19, 2014

Итгэлцэл

Өмнөх нэгэн бичвэртээ би аз жаргалын тухай, сэтгэл хангалуун амьдрахад аз жаргал хамгийн чухал тухай бичсэн билээ. Энэ удаад, хүн хоорондын харилцаа ба түүний холбоос болох итгэлцэл буюу итгэлийн тухай бичихээр шийдлээ. 
Та энэ хүнийг л хайрлана гээд хайртай болчихгүй, мөн энэ хүнтэй л найз болно гээд найз болдоггүй шүү дээ. Найз гэдэг ер нь яг л чамтай тохирсон хүмүүс л байдаг гэж би боддог. Заавал ч үгүй адилхан байх албагүй. Харин ч бага зэрэг өөр байх нь элбэг мэт. Жишээ нь миний хувьд гэхэд, бүр хар багаасаа анд нөхөр болсон найзууд ч байна, нэг жил ч болоогүй сайн найзууд байна. Тэр дундаа гадаад найзууд, дотроо үргэлж найзаа гэж боддог олон төрлийн гадаад найзууд байна. Гэхдээ бүгдэнд нь нэг л нийтлэл шинж байдаг. Би тэдэнд бүгдэд нь итгэдэг итгэл байдаг бөгөөд тэд ч бас надад итгэдэг итгэл байж, бидний дунд итгэлцэл гэгч зүйл оршдогт байдаг юм болов уу. Үнэндээ бол заримдаа нэг нэгнийхээ итгэлийг алдах үе ч байна. Учир нь найзаасаа их юм хүлээх ч юм уу, найдсан үед нь итгэлийг нь алдах гэх мэт. Гэхдээ бүр томоор нь авч үзвэл, эргээд уучилж чаддаг, ойлгож чаддаг итэлцэл гэдэг хамгийн хүчтэй нь байгаа юм. 
За тэгэхээр итгэлцэл гэж ер нь юу юм бэ? Таны хамгийн их итгэдэг хүн хэн бэ? Миний хувьд, би итгэдэг хүнээсээ юм их гуйдаг санагддаг. Өөрөөр хэлбэл нэг нэгэндээ тус болсны үндсэн дээр итгэлцэл бий болдог юм болов уу? Гэхдээ жинхэнэ сэтгэлээс гарсан тус бөгөөд, туслуулсан нь тэрхүү сэтгэлийг нь чин сэтгэлээсээ мэдэрсэн байх ч юм уу. 
Манай аав надад хэлж байсан юм. Жинхэнэ найз гэдэг амжилттай явж байх үед бус зовж зүдрэх үед чинь танигддаг гэж. Өөрөөр хэлбэл, хамтдаа хөгжилтэй цагыг өнгөрөөж, хамт инээлдэж явсан найзын чинь үнэн чанар нь зовох үед чинь танигдана гэж. 
Жинхэнэ найз бол гэрт чинь орж ирээд чамаас асуулгүй хөргөгчнөөс чинь ундаа задлаад уухыг хэлнэ гэж. Чамайг уурласан ч, за битгий сүржигнэ гэж хэлэх тийм хүнийг хэлэх болов уу?
Тэрхүү харилцааны хамгийн үндсэн жижиг хэмжүүр нь итгэлцэл гэж хэлэх байх...
2014.5.19


No comments:

Post a Comment