Tuesday, October 28, 2014

Үндсэрхэг ба үндэсний үзлийн ялгааг тунгаахын учир

Өчигдөр орой би нэгэн кино үзлээ. Уншигч та бараг үзсэн ч байж магадгүй "Dawn of the Planet of the Apes" гээд. Уг кинон дээр хүн төрөлхтөн нэгэн вирусыг алдснаас болж хүн төрөлхтний ихэнхи нь үгүй болно. Гэвч хэсэг хүмүүс үлдсэн газар энергийн хомсдолд орж, хуучин ашиглаж байсан усан цахилгаан станцыг хайхаар явна. Гэтэл яг тэр газар нь хүний хэлээр ярьдаг мичин овог байх нь тэр. За даа би ер нь кино тайлбарлахдаа муу юм хаха.
Гол дүрүүд нь 2 мич ба сайн санаат хэсэг хүмүүс бөгөөд, нэг мич нь хүн төрөлхтнийг үнэн голоосоо үзэн яддаг. Нэг нь бол мичин овогтоо итгэдэг, хамгаалдаг овгийн ахлагч. Үзэн яддаг мичийн нэрийг Коба гэх ба, за даа шулуухан хэлэхэд Хятадууд, Солонгосуудыг үзэн яддаг манай Монголчууд шиг санагдав. 2 тэс өөр соёл иргэншил тул, нэг нэгнээ устгачихая гэсэн үзэл бодол хэн хэнд нь төрөх  нь ойлгомжтой. Уг киног үзэхэд хүн төрөлхтөн ба мичин овог биш 2 улс, тэр тусмаа манай Монголчууд санаанд орсон юм. 
Ямар ч үр үндэсгүй, эсвэл аль дээр үеийн өөрөө ч нүдээрээ хараагүй атаа хорслыг хий хоосон хөөрүү сэтгэл хөдлөл болгож өөр улс үндэстнийг үзэн ядах. 
За би доор хэдхэн жишээг бичье. Бүгд л ФБ дээр харсан.
1. Нэг Хятад хүн байшингаас унаад амь насаа алдчихсан байгаа зураг байсан. Гэвч доор нь энэрэнгүй сэтгэлтэй Монголчуудын сэтгэгдэл нь юу байсан гээч??? Болж, нэгээр ч гэсэн хорогдог, Хятад хүн хүн биш, Хохь нь гэх мэт!
2. Хэдэн Хятадууд манай төв талбай дээр бослого гаргасан. А би мэдээж хэрэг, төв талбай дээр бослого хийхэд бол үнэн голоосоо эсэргүүцнэ. Гэвч, доор нь бас бичсэн хэдэн сэтгэгдэл нь гэж айхтар. Цалин өгч яадаг юм! Цалингүй ажиллах хэрэгтэй! гэх мэт. Гүэ тэр хүмүүсийг ер нь ямар үндэстэн авчраад ажиллуулсан юм бэ? Анхнаасаа цалинг нь өгч чадахгүй бол яах гэж авчирдаг байна аа? Ер нь тэд нарыг бид нар өөрсдөө л оруулж ирээд байгаа шүү дээ. Яагаад оруулж ирүүлэхгүй талаасаа ард иргэд бид тэмцэх бус, орж ирсэн хойно нь зодлоо нүдлээ гээд огширцгоодог байна аа! Монголчууд бид өөрсдөө тэд нарыг авчраад байна шүү дээ, өдөр бүр өдөр бүр...
За гол хэлмээр байгаа зүйлээ одоо хэлье. Тэд ч бас хөөрхий хүмүүс шүү дээ. Тэд нар Хятад хүн болж төрөхөө сонгоогүй шүү дээ. Бид чинь өөрсдөө тэднээс илүү хүнлэг бус болчихоод байгаагаа мэдэж байна уу? Би зүгээр чихээрээ л сонсож байсан зүйл байдаг юм. Халх голын дайнд Малчин гэр бүл шархдсан Японыг гэртээ оруулаад асарч байсан гэж. Би лав итгэдэг. Тэр чинь л жинхэнэ нөгөө бидний хүнлэг сэтгэл биш гэж үү? Тэр Япон жишээ нь тухайн үед юуг бодож ойлгож авсан бол??? Хүн хүндээ хайртай байх, хүнлэг байна гэдэг ер нь тэр улс үндэстний ялгаа ямар хамаа байна аа?
За тэгээд л над шиг ийм хүн бас байна гэвэл байна, гэвч бүгдээрээ дайраад Хятадын эрлийз, хурлийз болгочихно аягүй хэцүү. Хөөрхий одоо байтлаа Монгол хүн Монгол хүнээ хүртэл Хятадын шээс баас гэж дуудаад алах нь л дээ. 
Тэгж ярьж байгаа хүмүүс, би ч гэсэн, Хятадад илүү дуртай гэсэн үг огт биш шүү дээ. Харин ч Монголдоо хайртай, Монголоороо бахархдаг гэж би боддог. Монгол гээд худлаа цээжээ дэлддэг зангаа л больцгооё гэж уриалмаар, бүр тийм болгомоор байдаг. Монгол хүний нинжин сэтгэл залуучууд биднээр үгүй болж байгаа шүү та минь. 
Эцэст нь хэлэхэд дэлхий дээр зөвхөн бид оршин амьдардаггүй. Бид Монгол орноо Монголоор нь хадгалж үлдье гэвэл, өөрсдөө дотроо байр суурь, нэгдсэн зөв үзэл бодолтой л болох хэрэгтэй. Зөвхөн Монгол гээд хэт үндсэрхээд байх бус, улс эх орноо Америк шиг олон үндэстэн болгохгүйн тулд, аливаа орны клон улс болгохгүйн тулд бид үндэсний цэвэр үзэлтэй, хүнлэг энэрэнгүй ард түмэн л болох хэрэгтэй...
Залуучууд минь дээ жаахан ухаантайхан шиг тунгааж үзээч...

2014.10.28

No comments:

Post a Comment