Thursday, October 20, 2016

Ай даа...

За ёстой ойрд юм оруулсангүй. Уншдаг хүн байдаггүй байж магадгшй ч бичмээр санагдах үе байх юм. 
Ойрд зүгээр л өөрийнхөө мэргэжилд сэтгэл хангалуун байгаагаа мэдрээд... Ер нь байна аа, инженерүүд л хамгийн чухал мэт. Бусад мэргэжлийг буруу, онцгүй гэсэн үг биш шүү, гэхдээ яагаад ч юм хамаг гол юмны ард инженерүүд л байгаа мэт. 
Миний хувьд бас инженер болон эрдэмтэн 2 тусдаа. Эрдэмтэн бол үргэлж шинэ зүйлийг хайж, байгаагүй зүйлийг нээдэг хүмүүс. Тэр утгаараа инженерүүдийн гол суурь нь болж өгч байгаа байх. 
Гэхдээ над мэтийн хүнд бол эрдэмтэн арай л зохихгүй байгаад байдаг юм. Өөрөөр хэлбэл тийм агуу байж чаддаггүй. А харин инженер мэргэжилдээ дуртай гэж. 
Яг үнэндээ, тийм онцгой айхтар зүйл хийдэг хүн лав биш. Зүгээр л батлагдсан зүйлийг ашиглан хэрхэн амар хялбар болгох вэ л гэж боддог хүмүүс. 
Инженер гэж ер нь физик байна уу, хими байна уу хамаагүй, аль аль нь хэрэгтэй. Явж явж яг нэг зүйл гэдгийг сүүлийн үед нэн ялангуяа ойлгож байна. Цахилгаан, механик, барилга, хими гээд бүгд явж явж нэг л инженер гэдэг мэргэжилд нэгддэг мэт. 
Асар өндөр эрсдэлтэй ч, хүмүүсийн амьдралыг хялбар болгодог гайхалтай мэргэжил. Ай даа, эх орныхоо залууст энэ мэргэжлийг таниулж, нийтээрээ улс орноо хөгжүүлэхсэн дээ. 
20.10.2016

Thursday, May 5, 2016

Тоо? эсвэл Чанар?

Хүмүүсийг би яагаад ч юм 2 нүдээр харчихаад байх юм. Өөрийхөө хүчийг мэдэж илүүг хийдэггүй хүн, нөгөөх нь өөрийгөө гололгүй илүүг хийе гэж мэрийдэг хүн. 

Анзаараад байхад энэ 2 хүнд аль алинд нь сайн муу чанар байна аа. 
Өөрийхөө хүчийг сайн мэддэг, илүүг хийдэггүй хүн бол унтах цагтаа унтаад, багшийн өгсөн болон хийх ёстой юмаа яг сайн төлөвлөөд хийгээд явдаг. Харин төлөвлөгөөнд өөрчлөлт орвол, зөвхөн өөрийхөө хийх юмаа л хийдэг, өөрөөсөө илүүг давж хийдэггүй сул талтай. Муухайгаар хэлбэл, тэд зөвхөн өөрт ашигтай үед л хөдөлдөг. Магадгүй энэ нь ч зөв байх л даа. Өөрт ашиггүй юмны төлөө цагаа үрээд ч яах билээ дээ тийм ээ. Амжилтыг тоогоор хэмжвэл тэд амархан оноо их цуглуулдаг.

Гэхдээ, надад бол илүүг хийе гэдэг хүн таалагддаг. Таалагддаг ч гэж, тийм хүмүүс миний эргэн тойронд байгаасай гэж хүсдэг. Магадгүй, яг сайн төлөвлөгөөний дагуу байж, өөрт ашигтай үед хөдөлж, илүү хялбар аргаар амжилтад хүрдэггүй байж магадгүй. Гэхдээ тэд хамгийн чанартай хүмүүс байдаг. Ялангуяа залуу хүмүүс бид яагаад хэн нэгэнд сайхан харагдах гэж, олны дунд од болох гэж, өөрийгөө зөвхөн гаднаас нь харж байх хэрэгтэй гэж? Бид өөрсдийгөө дотроос нь харж, олон тоо гэхээс илүү чанартай харилцаа, чанартай зүйл л хийх хэрэгтэй мэт санагддаг юм. Магадгүй дүн нь сайн биш байна байх, магадгүй найз нөхөд цөөтэй байна байх, магадгүй ядуу ч байгаа байх. Гэхдээ тэд яг хэрэгтэй үед ном харсан нөхдөөс илүү байж, цөөн хэдэн найздаа бол алт шиг байж өөрөө ч найз гэгч зүйлээр дутагдалгүй байж, илүү аз жаргалтай (олон жилийн дараа ойлгох байсан ч) байна болов уу?

Миний хувьд найзыг, хүнийг 2 төрлөөр бол хуваачихаад л байгаа юм. Эхний хүнтэй бол би хамт байхаас жийрхийдэг. Тэртээ тэрэнгүй ямар нэг юм болоход тэд намайг мэдээгүй мэт л өнгөрнө. Би бол мэдээж муу саналгүй туслах л байх. Харин хоёрдох хүнтэй бол би тийм их уулзаж учраад хөгжилдөөд байхгүй ч, ямар ч үед түүнийг л гэнэ. Ер нь тэгээд хамт инээлдсэн хүнээ бус хамт зовсон хүндээ л итгэх хэрэгтэй гэж боддог юм.  
2016.5.5

Sunday, April 3, 2016

Айдас ба хүсэл, эрмэлзэл дунд...

За нөгөө Өгөөмөр чинь ажилд орчихлоо. Хариуцлага гэгчийг мэдрэх нь аймшигтай мэт байгаа ч, нөгөөтэйгүүр асар их хүсэл эрмэлзэл дунд...

Компани маань 300 орчим хүн авсны 3 нь гадаад, би ганцаараа Монгол, түүхэндээ анх удаагийн Монгол болон орлоо. Хийх ажил нь том том нүдэнд харагдах юм барих хүнд механикийн инженер. 10 жилийн физикээ ч сайн санахгүй байгаа надад асар том ачаа, нэмээд асар их хийх зүйл байна даа. За яахав болно болно. Яг одоо айдас ба хүсэл эрмэлзэл байна.

Ямар айдас?
Зөндөө олон юм байна оо! 
1. Гадаад оронд ажиллах. Би уг нь эх орондоо мангар хайртай юм байгаа юм. Тэглээ гээд одоо харихаар юу ч үзээгүй, юу ч чадахгүй чигээрээ харих гээд. Эндээ ядаж нэг ажил хийж үзчихээд харих санаатай. Гэтэл хийх зүйл маань том болохоор, нэг ажил 4-5 жил шаардагдана гэж байгаа. За яахав, болохгүй бол ганц ажил яс сайн хийж үзээд 30 нас хүрэхээсээ өмнө харина даа.
2. Том юм хийнэ. Нэг л зүйл дээр алдвал хэдэн мянган хүний амийг ч авч одохоор аюултай. Гэсэн хирнээ асар том зүйл хийх гээд байдаг. Төгс юм л хийнэ гэсэн үг. Яагаад гэвэл одоо алдаж болох оюутан биш алдах эрхгүй инженер болох гэж байна.
3. Эргэн тойронтойгоо яах бол? Яаааааг сайн бодохоор Япон хүнтэй таардаггүй юм шиг. Би сайн тэд муу гэж байгаа юм биш, зүгээр л таардаггүй мэт. Одоо тэгтэл олон олон Японтой ажиллах гэж байна. 
4. Толгой маань гүйцэх байгаа? Би лаг сурдаг гар биш ээ. Хүмүүс намайг лаг л гэж боддог байх. Яс юман дээрээ өөрийгөө аягүй их голдог юм. Сурсан зүйлдээ хэзээ ч ханаж байгаагүй. Одоо тэгээд яахав, чирэгдээл сураад байхаас.

Гэвч хүсэл, эрмэлзэл бас байна аа.
1. Бөөн бөөн боломж. Би яагаад том зүйл хийж чадахгүй гэж? Хүн амьтанд төвөг удахгүй л бол алдаа бол гаргаж л таараа яадаг юм, гэхдээ энэ хорвоод хийсэн бүтээсэн зүйлтэй үлдэх том боломж. Өөрөөр хэлбэл өөрийхөө салбарт тэргүүлэх хэмжээний инженер болох боломж. Тийм ээ, оюутан биш одоо инженер болох цаг ирсэн.
2. Өөрийгөө илүү их таньж мэднэ. Заавал ч үгүй бусадтай адилхан байхыг хэзээ ч хүсэж байгаагүй. Яг л өөрийхөөрөө сэтгэж явна. Энэ талаараа бусдад сайнаар нөлөөлж, мөн өөрөө хүн талаасаа дахин хөгжих боломж.
3. Ер нь тэгээд л боломж л гарвал оролдоод баймаар байна. Хүнээс хэд дахин илүү баймаар байгаа юм. Хамт орсон 300-гаасаа илүү цаашлаад компани дотроо 30000-с илүү биш юм гэхэд харилцан хүндлэгддэг болмоор байгаа юм. 

За тэгээд жижиг ч гэсэн, бөөн хүсэл мөрөөдөл л байна даа яг одоогоор. Яг л нэг шинэ мэдрэмж. Уншиж буй та ч гэсэн хийж байгаа зүйлдээ хүсэл эрмэлзэл дүүрэн хандахыг хүсье. 
2016.4.3