Friday, July 25, 2014

Анхны сэтгэгдэл

Бас нэгэн бичвэрийг бичихээр шийдлээ. Энэ удаад бас л өөртөө бодогддог нэгэн чухал зүйлийн тухай. Юу вэ гэвэл, анхны сэтгэгдэл. Хүнийг ер нь удаан нөхөрлөж байж танина гэдэг, гэхдээ нөхөрлөх эсэх нь цэвэр анхны сэтгэгдлээс хамаардаг болов уу?

Үгүй яахав, угийн хүн төгс биш, тэглээ ч найзууд хоорондоо адилхан байх зэрэг бол огт хамаагүй. Ер нь миний эргэн тойрон ч нэг тийм, надтай адилхан бол биш, гаднаасаа ч тэр дотроосоо ч тэр. Зан ааш бол бүр ярих ч юм биш, тэс өөр хүмүүс. Гэтэл яагаад нөхөрлөөд яваад байна гэхээр, хүний уг чанар л юм уу даа. 

Анхны сэтгэгдэл гэж яг үнэндээ хүний уг чанараас л урган гарч ирдэг зүйл юм болов уу?
Би энд хэдхэн жишээ л авч үзье. Чамаас нэг сайн таньдаггүй хүн чинь нэг юм зээллээ. За нэг үзэг л байг. Чи ч тэгээд зээлчихнэ л дээ. Би ч гэсэн зүгээр л зээлнэ. Гэвч тэр хүн үзгийг чинь буцааж өгөхгүй удчихлаа. Тэгээд чи тэсэхгүй асууна. Хөөрхий мартчихсан юм байлгүй гээд. Тэгээд асуутал, урдаас чинь э чааваас, алга болгочихсон юм шиг байна, тэр тийм чухал үзэг байсан юм уу? гэж хариулбал та яах вэ? Хамгийн гол нь тэр сүүлийн өгүүлбэр. Чухал бол юу гэж? гэж хариу асуумаар санагдана даа. Гэхдээ тэгээд тэр хүн итгэл даахааргүй хүн байна гээд хаяна. Магадгүй уншигч та үзэг юун сүртэйн гэж бодож магадгүй. Гэтэл, үзэг ч бай юу ч бай энэ бол чухал. Тэр хүнтэй нөхөрлөөд явбал яваандаа машин тэргээс эхлээд чухал чухал зүйл зээлүүлж, зээлж явна гэсэн үг шүү дээ. Жижигхэн юмаар л хүний чанар танигдчихаж байгаа юм. 

Бас нэг жишээ. Чи олуулаа нэг зугаалгаар явж баахан хоол унд хийж идлээ. Сайхан ч хөгжилдлөө. Тэгээд харих болж, юм хумаа янзалж хурааж цэвэрлэж эхлэв. Гэтэл тэнд нэг хүн энэ бүх хугацаанд хамт байж хөгжилдчихөөд, юм янзлах болсон чинь юу ч хийхгүй бултаад байлаа. Миний нүдэнд тийм зүйл харагдвал тэгээл зайгаа барьчихаж байгаа юм. Тэр хүн чамайг сайн явахад үргэлж дэргэд чинь байх ч, муудахад зүгээр л хаяад явна. Ийм жижигхэн зүйлээс ийм зүйлийг олоод харчихаж байгаа юм. 

За тэгээд, чамаас юм асуучаад дараа нь яаснаа хэлэхгүй хүн байна. Чи энд яасын бол санаа зовоостой. Гэхдээ тийм хүмүүс чамайг юм асуухад чамд бас тусална л даа. Гэхдээ л төгс сэтгэгдэл бас биш. Хүн болгон л үүн дээр алддаг. 

Ер нь дахин дахин хэлье. Чамайг өөдтэй явахад хамт байгаа хүн бол чиний жинхэнэ найз гэсэн үг биш шүү. Биш гэсэн үг бас биш ч, хамгийн жинхэнэ найз гэдэг бол, чамайг зовж байхад л тусалдаг хүн. Туслахад бол сэтгэл л хангалттай. Ядарч байхад чинь нэг шөл хийгээд өгдөг хүнд бол сэтгэлээсээ бүр чин сэтгэлээсээ баярлана даа. Дараа нь чиний тусламж хэрэгтэй үед, чиний сэтгэлийн гүнээс туслах хүч гарна даа. Ерөөсөө л энэ чинь шүү дээ. 

За даа анхны сэтгэгдэл гэчихээд жаахан хазайх гэж байна. Гэхдээ анхны сэтгэгдэл нөхөрлөлийн хамгийн эхний алхам байх. Нэг алдлаа гээд гэхдээ нөхөж бол болно байх. 2,3 давтаад буруу сэтгэгдэл төрүүлбэл тэгээд л будаа даа ер нь. Гэхдээ энийг засах ч боломжгүй биз. Хэлээд ч сэтгэлд нь суухгүй. Сэтгэлд нь хүртэл нэгэн зүйл тохиолдохоос нааш...

2014.7.25

Wednesday, July 23, 2014

Нэг үгний хүч

За даа миний энэ хэдэн бичвэрүүд дандаа л нойр муутай, уцаартай, санаагаар унасан үед бичигдэж байдаг болохоор ямархуу чанартай юм гардаг юм бол доо. Ямартаа ч ингээд санаа орж ирээл, юу ч бодож тунгаалгүй бичээд, хамгийн сүүлд нь нэг уншиж жаахан засалт хийгээл оруулчихаад байгаа. 

Энэ бичвэртээ нэгэн хамгийн хүчтэй зүйлийн тухай бичье. Энэ бол үг. Үг хүнийг алж ч чадна, амилуулж ч чадна гэдэг. Би энэ үгэнд үнэхээр санал нийлдэг. Гайхалтай үг хүний амьдралыг тэр чигт нь өөрчилж чадаж байхад, зарим хорон үгнүүд хэдэн жил болсон ч мартагдахгүй гомдох сэтгэлийг дагуулах жишээтэй. Танд ч гэсэн тийм тохиолдлууд нилээн байдаг байлгүй. Заримдаа үг хүлээн авах хүн нь хэт хүндрүүлж хүлээн авах үе ч байна. Ер нь хүнд "Чи бол тэнэг" ч юм уу, зүгээр нэг тийм үг хэлэхэд хүн нээх том зүйл боддоггүй. Гэвч яг үг бүрийх нь утга нь аймар биш ч, хүний нүднээс нулимс гаргатал авах ч үг байна. Ер нь л тухайн тохиолдлоос болдог мэт. 

Үгнээс илүү үйлдэл гэх ч тохиолдол байдаг. За даа хайр дурлалд, эмэгтэй нь хайртай гэж хэлүүлэхгүй бол өөртөө хайртайм болов уу гэж эргэлздэг гэж байгаа, гэтэл эрэгтэй нь тэр болгон хайртай гээд хэлээд байдаггүй гэх жишээний. Өөрөөр хэлбэл иймэрхүү гүн холбоонд бол үйлдэл илүү чухал болчихож байгаа юм.
Гэвч энэ бичвэртээ үгний тухай бичиж байгаа тул, хайр дурлалын нарийн асуудал зэргийг тусад нь авч үзье. 

Үгээ цэгнэж ярих гэдэг маш чухал. Хүн болгон л алддаг байх. Гэвч, сэтгэл санаа эмзэг үед, эсвэл сонсож байгаа хүнээ мэдэхгүй үед буруу үг амнаасаа унагаж өөрийн итгэлээ алдах вий. Хүн хэдий бодоогүй байсан ч амнаасаа буруу үг унагаах үе байдаг. Уурласан үед, ядарсан үед, сэтгэл санаа хямарсан үед буруу үгсийг ч хайр найргүй унагаана шүү дээ.

Миний дэргэд хэлж байсан зарим нэг хүний үгс одоо болтол санаанаас гардаггүй.  Жишээ нь миний дэргэд нэг эгч маань, "ажил хийнгээ юм сурна гэж юу байдаг юм, ажил хийж байна гэдэг чинь төдий чинээ муу мэдлэгтэй л болно" гэсэн утгатай юм ярьж байсан юм. Би бол тухайн үедээ гүн шоконд орсон дотроо бол. Би яахав дээ, амьдрах болон сургалтын төлбөрөө олох гэж, бас жаахан хангалуун тайван амьдрах гэж ажил хийдэг. Ажлаас асар их зүйл сурсан, сурсаар ч байна. А тийн мэдээж цагийн ажил л даа. Ядаж л ярианы хэл бол асар дээшилчихэж байгааин. Ажиллана гэдэг утга учрыг тодорхой хэмжээнд ойлгож байгаан. Иймэрхүү жишээ гэхдээ олон байнаа байна.

Ай даа, аав ээж, өвөө эмээдээ буруу үг хэлж гомдоов! анд найзаа гомдоов! Хүн ер нь хамгийн дотны хүмүүсээ хамгийн сүүлд тавьдаг шүү. Нэг ирээч гээд дуудахад нь завгүй гэж хариулав! Чиний төлөө гэсэн хүмүүс чиний төлөө зав байтугай л гаргаж байсан юм шүү.

Нэг үгээр хүнийг алж ч чадна...
2014.7.23  

Saturday, July 12, 2014

Үндэсний их баяр наадам аа гэж бөөн бодол

Гадаад оронд байх хугацаанд улс эх орон, тал сайхан нутаг, хаана ч байхгүй тэрхүү цэнгэг агаар, гэр бүл, найз нөхдөө хамгийн их санадаг үе бол наадам, цагаан сар, мөн бусад тэмдэглэлт баяруудын үе билээ. хмммммм гээд нэг сайхан амьсгаа авчихая. 

Ай даа нэг сайхан айргаа шимээд, царцааныхаа дууг сонсоод, үхрээ хөж хөж гээд туусан шиг, орой нь газар хэвтээд од харж юм эргэцүүлэн бодоод, эмээдээ доороосоо даарчихна бос гээд загнуулаад байж байх юутай сайхан гээч. Багадаа цэвэр хөдөө амьдарч чадаагүйдээ харамсдаг л юм. Ганц хонь ч гаргаж чадахгүй, хониний махаа ч олигтой эвдэж чадахгүй, ажил хийж сураагүй гэдэгтээ үргэлж санаа зовдог л юм. 

А гэхдээ бүр хоосонгүй ээ. Зуслан дээр бол жинхэнэ нутгийн индиан болно шүү дээ. Жигжидийн зуслан дээр аяаяая нэг нүцгэн гар л гүйж байлаа. Тухайн үед сэлбэ гол их ч устай байж, бороотой, нартай, өглөө, орой хамаагүй л шумбаж өгнө шүү дээ. Өглөө хүнгүй амар гээл, хамаатныхаа хүүхэд (сайн анд)-тэйгээ булгын ус аваад ирье гээл бөөн далим очиж сэлчээл ирнэ. Тэгээд л жараахай бас барина аа. Багадаа барьсан жараахайгаараа шпрот хийж иднэ гэж байсан удаатай гэж байгаа цаадах чинь. Гэрийн ойролцоо тугал, бяруу харагдвал очоол сүүлнээс нь татаал, дээр нь мордоол, мөн хонь ишиг бол ялгаагүй мордож өгнө. 
Тухайн үед дугуй их унах дуртай, дугуйгаараа хажуудах халзан уул руу нэг гарчихдаг, дээр нь гарчихаад л бодож явдаг байсан охиноо бодоол аая хаха. 
Багаасаа анд болж яваа насан туршийн андуудын маань нэгийн маань гэр бас хагас кмийн зайтай байдаг байлаа. А бид 2 чинь тэгээл дугуй засдаг баатрууд, сэнсэрсэн дугуйгаа сүүлдээ алхаар нүднэ. Аав нарынхаа багажаар ч гэхдээ нилээн юм оролддог байж билээ. Багаасаа механикт дуртай байсан нь харагддаг л юм. Одоо ч гэсэн энд Япон оюутнуудын хажууд тиймэрхүү юм оролдох тал дээр хавь илүү санагддаг. Цахилгаан хөрөө, гагнуур, за тэгээд шруп боолт суллах чангалах эдр бол энэ хэддээ л баавар байдаг юм.
За тэгээд дугуйгаар уралдана, цаадах чинь бас яг яс юман дээрээ аймхай, шулуун болон уруу зам дээр бол удаан явна. Харин өгсүүр дээр бол бүгдийг нь хол хаядаг байлаа. Хүнд араанд нь хийгээл хэдхэн жийгээл гарна, бусад хүүхдүүд хөнгөн дээрээ тавиал мацаж өгнө. Тэр үеийн дугуйны тормоз ч гэж алаад хаяна. Ар дугуй, дугуй тогтоогч 2-ийнх нь голоор хөлөө л хийнэ шүү дээ хаха. Сүүлдээ гутлын хоншоор, ул будаа. Нэг удаа бороотой үед нэг шавран дээр дугуйтайгаа хальтраад хамаг бие шавар болж байлаа хаха. Одоо ч тэр хальтарч унасан газар нүдэнд харагдаж байна.
Зөвхөн тэр ч биш, зун болохоор сандаал бас өмсөнө. Тэрүүгээрээ тэгээд хөлбөмбөгдөнө. Ахлах сургуульд ортлоо ер нь л хөлбөмбөг их тоглодог байж билээ. Хаалга нь гэж 9 билүү 11 алхаад 2 чулуу тавина. Тэгээл танайх том байна жижиг байна гээл бөөн юм хаха. Хаалгач нь үсрээд хүрэхгүй бол давсан гээл. Яг чулуун дээгүүр нь гарвал штанк гээл. За ер нь тухайн үеийн мань хэд тэгж л үздэг байлаа. Өвөл ангиараа байнга тоглоно. Ерөөсөө байрлал эдр бол тодорхой. Мундаг ч тоглоцгоодог байж. Зуны саравчтай малгайнаас салдаггүй байсан би, өвөл буруу харуулж өмсөөл мөргөдөг байлаа. Нэг удаа чихээ хөлдөөгөөд будаа будаа нэг илжиг шиг юм. Анги дотроо хүчтэй цохидог мэт санагддаг байсан ч дандаа далий цохидог байлаа даа хаха. Толгойгоороо бол харин сайн мөргөдөг байлаа. Тэгээл далий цохингуут гарууд, урт цагаан явж хөлөө тэгшлүүл гэнэ. Тэр үед урт цагаанд юм хум тэгшилдэг л байсын байх даа хаха. Ай даа, ангийн багш, хичээлийн эрхлэгч 2тоо бөмбөгөө байнга хураалгана. Тэгээл дандаа мөнгө нийлүүлээл авна. Дэлгүүр, зах дээр зардаг нөгөө л эрзээнэн бөмбөг шүү дээ. Тэгээл хорооллын эцсийн Дүүхээ төвөөс 300-ийн бөмбөг аваад зад хийлжаагаал тоглоно шүү дээ. 
Зун нь мөн Хандгайт хүүхдийн зуслан явдаг байлаа. 5 билүү 6 жил явсан байх аа. Яваандаа томорцон хойноо бол найзуудаасаа нэгийг нь бүлгийн дарга болгочихно. Тэгээд өөрөө яах нь уу гэхээр бүлгийн үйл ажиллагаанаас холуур явна шүү дээ. Өглөөний дасгал сүүлдээ хийх ч гүй, өглөөний хоолоо заримдаа зөөлгүүлнэ, аймар. Тэгээд бослоо гарлаа, шууд сагсны шийд. Бусад хүүхдүүд ихэвчлэн орой л ирнэ. А харин би хэдэн найзуудтайгаа өдрийн халуун, бороо салхи тоохгүй шүү дээ. Оройн диско болтол ерөөсөө л сагс сагс сагс л байлаа. Тэрнээс бусад зүйлс огт хамаагүй. Сүүлийн харих өдрөө бүлгийнхээ ганц нэг хүүхдийг ч танихгүй байсан юм даг. Олон жил яваад сүүлдээ бүр таньдаг хүүхдүүд олонтой болцон, ажилчдыг нь ч таньдаг болчихсон байж билээ. Хоол бол нэмүүлчихдэг л байсан юм. 
За ер нь ингээд бичвэл бага насны дурсамж дуусахгүй мэт. Би зун ер нь хичээл хийдэг хүүхэд байгаагүй ээ. Бага ангидаа зуны даалгавар шалгах үед доошоо хараал залбирдаг байлаа. Багш тэрнийг нь хараал миний нэрийг дууддаггүй байсан юм шиг байгаан. Ер нь хүүхэд болгон хичээл хийдэг, мундаг сурдаг байх албагүй гэж бүр сүүлд л ойлгосон юм даа. Хүүхэд гэдэг хичээлээс гаднах амьдралаас сурах зүйл асар их бий. Аз жаргалтай, хайрлах сэтгэлтэй, хүнлэг л хүн болж л өсөх хэрэгтэй болов уу. 
Ай даа наадам болохоор, эх орны салхиний үнэрээ дотроо төсөөлж л үнэрлэх юм даа. Миний нутгийн салхи нь хүртэл дэлхийд ганц шүү дээ. Эх орноосоо онгоцонд суух яг тэр мөчид нэг гүнзгий амьсгаа аваад ордог минь ч тэр. Энэ зун ч бас чадвал нэг харина даа. Олигтой юм хийдэггүй ч, ядаж л салхиа үнэрлэх минь.

Жич: Ярианы хэв маяг оруулахын тулд Монгол хэлний зөв дүрмээр бичигдээгүй үг хэллэг их байгаа болно.
2014.7.12


Tuesday, July 1, 2014

Бэлэнчлэх сэтгэлгээ

Бэлэн юманд дургүй хүн гэж юу байхав. Ихэнхи хүмүүс бэлэн юм нь байж байвал амар гэж хариулна. Үйлчилгээний байгууллагууд ч гэсэн худалдан авагчиддаа үзүүлэх үйлчилгээндээ үүнийг тусган авч үздэг болов уу?

Гэвч энэ нь тэгээд зөв гэж үү? Үүний үр дагаварт юу гарч ирж байна? Тэр бол бэлэнчлэх сэтгэлгээ! Зүгээр шулуухан л бичээд явъя. Надаас хүмүүс юм асуух үе байдаг юм. Үндсэндээ 2 л төрлийн хүн. Нэг нь өөрийнхөө хэмжээнд судалж, бичиж, эрэл хайгуул хийсний эцэст юм асуудаг, а нөгөөх нь мэдээж өөрөө огтхон ч оролдоогүй байж намайг лавлах мэт болгон асуудаг. Би нээх айхтар мэдлэгтэйдээ ч биш, зүгээр л нэг тийм хариулчихаар, өмнөөс нь хийгээд өгчихөөр харагддаг юм шиг байгаан. Би хийж өгч болно л доо, хүнд туслах тал дээр угийн үгүй гэж чадахгүй. Гэвч, чиний төлөө гэсэн талаас нь үзвэл, ямар ч байсан чадах ядхаараа оролдсны үндсэн дээр хамтран судалж зүтгэвэл илүү амжилт олох юм болов уу?
За тэгээд анзаараад байхад, зөвхөн энэ зан чанарын ялгаанаас тухайн хүнийг тодорхойлж болоод байгаа юм. Эргэн тойрон янз бүрийн л хүмүүс байгаад, намайг хүчлээд ганц удаа гуйгаад юм хийлгэсэн хүн, хэсэгхэн хугацааны дараа нөгөө юмаа дахин гуйдаг. Одоо боль л доо тийм биз дээ. Гэтэл зарим нэгэн сайн нь болохоор, эхний удаа заалгаж аваад, дараа нь надаа зөвлөгөө өгөх хэмжээний болчихсон байж байх жишээний.
Ер нь урд чинь хаалт гарч ирнэ гэдэг маш том боломж шүү дээ. Тэр хаалтыг хэрхэн даван туулах тал дээр зовж шаналж, өөр бусад зүйлсийг судалж мэдэж байж даван туулна гэдэг хангалттай хэмжээний өсөлт гэж бодогддог юм. Учир нь та мэдэхгүй байгаа зүйлээ мэдэж байгаа хэрэг шүү дээ. Тэрхүү мэдэхгүй байгаа юмаа өөрөө хичээн байж, цагаа зарцуулан байж олж мэдэх нь өөрт чинь ч гэсэн амттай болов уу.
Нэн ялангуяа өнөө цагт интернет гэгч бичихэд л гараад ирдэг зүйл байна. Юу л бол юуны тухай олж мэдэж судалж болно. Өшөө дэлгэрэнгүй судлая гэвэл ном сонин гээд боломж бол асар их байна. За та гадаад хэлний бэрхшээлтэй байж болно. Гэхдээ одоо үед ямар нэгэн гадаад хэлгүй хүн бас л ховор шүү дээ. Тэгээд тэр үгээ тольдоод гарч ирсэн мэдээллээ дахин орчуулж барих арга бол бас байна.
Зүгээр л заримдаа мэдрэгддэг, бодогддог зүйлээ бичлээ.
Бид нар бэлэнчлэх сэтгэлгээг халахгүй л юм бол, үүрдийн хэрэглэгч гэсэн нэртэйгээр, юу ч бүтээхгүй л дуусах болно...
2014.07.01